"Хотын зам" компаниас ял асууя

Өчигдрийн борооноор ашиглалтад ороод удаагүй Сансарын нүхэн гарцны дээгүүрх зам өм цөм язарч, цөмөрсөн байдалтай болж тараа таниуллаа. Нийслэлчүүдийн бухимдлыг дээд цэгт нь тулгаж чаддаг Хотын зам гэгч компанийн хийсэн ажил энэ.
Өнгөрсөн жил 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялж ид сургууль, цэцэрлэг цугласан, автозамын ачаалал оргилдоо хүрсэн цагаар нийслэлчүүдийг тавласан аятай эхэлсэн, хотын замыг там болгосон энэ ажил зуны эхний борооноор л эздийнхээ булхайг илчилж байна.
Зам, гүүр засварын ажлыг эртнээс ногоон гэрлээр авч сурсан гэгдэх Хотын зам компанийн өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлууд өнөөг хүртэл хэл ам дагуулсаар л байгаа. Багшийн дээдийн нүхэн гарцыг мөн л эднийх барьж гүйцэтгэн өндөр өртгөөр хүлээлгэж өгсөн ч бас л эвдрэл сүйдэл дагуулсаар, хотын төвийн өнгө үзэмжийг алдуулсаар ирсэн.
Тэгвэл хугацаанаас нь өмнө дуусгасан гэж бардамнаад байсан нүхэн гарц нь энэ компани ажлыг яаж хулхиддаг болохыг илчилж байна. Төрийг түмэнтэй нь хулхидаж сурсан Б.Атарбаяр захиралтай энэ компанид хариуцлага тооцох цаг хэдийнэ болсон.
Гэтэл тендерт ялахын тулд холбогдох дарга нарт нь тухайн тендерийн үнийн дүнгийн арван хувийг атгуулдаг гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаар удаж байгаа. Хаанахын ямар технологиор ажлаа явуулдаг нь ч мэдэгдэхгүй энэ компанийн буруу мөртэй ажлуудыг холбогдох байгууллагууд нь яагаад шалгадаггүй вэ.
Сансарын нүхэн гарцыг Хотын замын удирдлагуудтай хамт нүүр дүүрэн мишээж хүлээж авсан Мэргэжлийн хяналт, Авто замын газар юу бодож сууна вэ.
Хариуцлагаа уландаа гишгэсэн компанийн буруугаас эрдэнэт хүний амь эрсэдсэн жишээ манай нийгэмд тооловч томшгүй болсныг энд дахин сануулая. Дээдэх зам нь цөмөрсөн, доодох гарц нь ус тунарсан энэ нүхээр өдөрт хэдэн хүн дамжиж гардаг бол. Тэдгээр иргэд өнөөдөр айдаст автан алхаж байгаа.
Цөмөрсөн замыг засаж янзалж байна гээд тэрүүхэн тэндээ халтуурдаад орхино гэдэгт Хотын замын удирдлагуудтай мөрийцөхөд ч бэлэн байна.
Мөн нэмээд хэлэхэд өдөр тутам шахуу хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлдэлтэй хэвлэлийн хурал зарлаж тэмцэхээ илэрхийлж байдаг өнөөх олон төрийн бус байгууллагууд ийм л зүйл дээр үгээ хэлэх ёстой. Цаашлаад гадаадынхны жишгээр хотын иргэдийг нүдэн дээр нь хулхидаж байдаг даварсан компаниудыг шүүхэд өгч заргаа авч олон нийтийг хохиролгүй болгох нь зохилтой гэмээр. Нэгэн жишээ дурдахад л Өмнөд Солонгост парламентын гишүүн хүн сонгогдсон тойрогт нь ийм асуудал үүсвэл эзэн холбогдогчийг ньшүүхэд өгч хариуцлага тооцуулдаг. Сонгуульд нэр дэвшихээр шийдсэн хэнбугай нь ч иргэдээ төлөөлөөд шүүхдэлцээд явдаг.
Үүнийг сонгуулийн үеэр борооны дараах мөөг шиг олон болдог улстөрчдөд дамжуулж хэлмээр.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа таны хариуцсан Монгол Улсын нутаг дэвсгэрт ийм байдалтай байгааг та хараад улаймаар, уурсмаар даа. Нийслэлийн мэр Э.Бат-Үүл баатар та ч гэсэн ганцхан бороонд өм цөм явчихдаг нүхэн гарцаар иргэдээ алхуулахаас айхгүй гэж үү.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ