Охидын эрхийг хамгаалах чиглэлээр ОУ-ын шагнал хүртлээ

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв нь охидын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд анх удаа энэ чиглэлээр Монгол улсаас ОУ-ын хэмжээний шагналыг хүртлээ. Мөн охидын эрхийг хамгаалах чиглэлээр Ази тив даяар үйл ажиллагаа явуулдаг Asian Girl Campain холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.

Бидний хувьд хүний эрх ялангуяа охидын эрхийг хамгаалах чиглэлээр Ази тивдээ төдийгүй олон улсад Монгол улсын нэрийг гаргаж чадсан нь маш том амжилт юм. Тиймээс энэхүү баярт үйл явдалтай уялдуулан 2015 оны 12-р сарын 16-ны өдөр 12-14 цагт The Corporate Hotel and Convention Centre UB hall-д "ОХИДТОЙ ХАМТ ОХИДЫН ТӨЛӨӨ - 12 ЖИЛ" тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн жилээс эхлэн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх үйл ажиллагаанд тэтгэлэг олгодог томоохон сангууд хамтран 1 сая ам.долларыг маш амжилттай ажиллаж байгаа охидын байгууллагуудад олгох санаачлагыг гаргажээ. Тив бүрээс дөрвөн байгууллагыг шалгаруулж, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилт, цаашдын хэтийн төлөв зэрэгт нь үндэслэж нийт 20 байгууллагыг шалгаруулсан байна. Азийн улсуудаас Монгол, Мяньмар, Пакистан, Хонг Конг дээрх шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ажиллагаа өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдөр Лондон хотноо болсон бөгөөд Йордан улсын хатан хаан шагналыг гардуулжээ.

Гүнж төв нь 2003 онд байгуулагдсан бөгөөд өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бэлгийн хүчирхийллийн хохирогч охидод нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар тэднийг чадваржуулах, өсвөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй нийгэмч үйлчилдэг, ашгийн төлөө бус, залуу эмэгтэйчүүдээр удирдуулсан, иргэний нийгмийн байгууллага юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ