В.Бадамсүрэн: Миний охиныг ямар болгосныг олон нийтэд харуулахыг хүсч байна
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Төв аймгийн Баянчандмань суманд сумын удирдлагууд нь ажилтан эмэгтэйгээ хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлсэн. Тодруулбал, тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр хууран авчирсанаас хэрэг мандсан байдаг. Бид энэ хэрэг явдлын талаар хохирогч Б-ийн ээж В. Бадамсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-ЗӨВХӨН ЭМЧИЛГЭЭНД ДОЛООН САЯ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН-
-Таны охин дээд тушаалын даргадаа хүчирхийлүүлсэн аймшигт хэрэг гарснаас хойш гурван сар орчим өнгөрсөн байна. Охины тань бие болон сэтгэл санааны байдал ямархуу байна вэ?
-Миний охиныг ямар байдалд орсныг сонссон мэдсэн хүн бүр ойлгож байгаа байх. Арай гайгүй болж байсан сэтгэл санаа нь саяхан дахин мэдүүлэг авахад сэдэрч, хямарчихсан. Хэрэг явдал болох үед миний охин бараг ухаангүй шахам хэвтэж байхдаа цагдаа нарт хоёр удаа мэдүүлэг өгсөн. Дараа нь өмгөөлөгчтэйгээ нэг удаа байцаалт өгсөн. Өнөөдрийн байдлаар түүний эрүүл мэндийн байдал дахин хагалгаанд орох шаардлагатай, гэмтлийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж үрэвсэл үүссэн, давсаг нь цоорхой учир шээс нь задгайрч, барьж чадахгүй байдалтай бусдын асрамжинд, хагалгаанд орох хугацаагаа хүлээж байна. Бид чадах ядахаараа эмчилгээ сувилгаанд нь анхаарч байгаа боловч эмчилгээний зардлаа төлж чадаагүйн учраас эмнэлгээсээ арга буюу гарсан.
-Өдөрт эмнэлгийн эмчилгээнд хичнээн төгрөг зарцуулж байв?
-Хувийн эмнэлэгт өдрийн 60 мянгын төлбөр төлнө гэдэг бидэнд асар их ачаалалтай байсан. Тиймээс эмнэлгээс нь гаргаад, сарын 500 мянган төгрөгийн түрээстэй байр хөлслөөд, гаргаад долоо хоносон. Гэтэл буцаад хэвлийн хөндийд нь шингэн хуримтлагдаж, халуураад, бие нь муудаад байхаар нь аргаа бараад УИХ-ын гишүүн Эрдэнэчимэгт хандсан. Эрдэнэчимэг гишүүн өөрөөсөө төлбөр мөнгийг нь гаргаж, хувийн эмнэлэг олж хэвтүүлж өгсөн. Одоо хэвтэж байна. Хэвлийн хөндийд нь хатгалт хийж байж тэр шингэнийг цус уу юу вэ гэдгийг мэдэх ёстой ч одоо хүртэл үзүүлж чадаагүй л явна. Энэ шингэн алга болж, үрэвсэл дарагдсаны дараа хагалгаа хийнэ гэж нэгдүгээр эмнэлгийн эмч нар хэлээд байгаа. Тэгэхгүй бол хагалгааны дараа гарах хүндрэлийг эмч нар хариуцахгүй гэсэн. Зөвхөн эмчилгээний зардалд долоон сая гаруй төгрөг зарцуулаад байгаа. Бусад нэмэлт зардалаа тооцвол жирийн малчин өрхөд маш хүнд тусч байна. Бусад жирийн л иргэдийн адил хөрөнгө мөнгөгүй бид бусдаас зээл авч, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр санхүүгийн хүндхэн байдалд орсон.
-Б.Ханбаатарын талаас дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байгаа юм уу?
-Ийм байдалд хүргэсэн гэмт этгээдийн ар гэрт хандан туслалцаа үзүүлэхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй цагийг өнгөрөөсөөр өдийг хүрлээ. Хэцүү хүнд үед бид өөрсдийн бололцоотой бүхий л аргаар охиноо эмчлүүлэх зардлыг олж, өр тавьсаар өдийг хүрсэн. Цаашид энэ байдлаараа явах боломжгүй боллоо. Хэдийгээр өрх бүр л санхүүгийн энэ хүнд нөхцөлд хэцүү байгаа ч олон түмэн та бүхнээсээ охиныхоо цаашдын эрүүл мэнд, эмчилгээг тасалдуулахгүйн тулд дэмжлэг, туслалцаа гуйхаас өөр аргагүй болоод өнөөдөр хандаж байна. Өнгөрсөн хугацаанд сайн эмч нарын буянд миний охин үхлээс амь мултарч, хөл дээрээ гишгэх, үрээ харах хувьтай байгаад нь баярлаж байгаагаа юуг нь нуух вэ. Та бүхэн бага ч болов санхүү, сэтгэлийн дэм үзүүлэн туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Хохирогч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ ийм байдалтай байжээ
-Г.АРИУНБОЛД МИНИЙ ОХИНЫГ ДУУДСАНААРАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ-
-Дахиад байцаалт өгсөн гэлээ. Энэ талаар ярихгүй юу?
-Прокурорт шилжсэн байсан хэргийг бид дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлт тавьсан. Учир нь миний охиныг дуудаж, Б.Ханбаатарт хүчирхийлүүлэх тэр нөхцөлийг эхлүүлсэн хүн бол Тамгын газрын дарга Г.Ариунболд. Гэтэл тэр хүн өнөөг хүртэл ямар ч буруугүй гэрч гэх нэр зүүн эрх чөлөөтэй явж байгаад туйлын их гайхаж байгаагаа хэлэх ёстой. Тэр л миний охиныг зүгээр ажлаа хийж байхад нь дахин дахин дуудаж, гэмт этгээдийн гарт аваачиж өгсөн. Хэрэв тэгээгүй байсан бол ийм хэрэг явдал гарах байсан гэж үү. Үүнд эх хүний хувьд маш их гомдолтой байна. Ямар нэгэн санаа зорилго өвөрлөн худлаа хэлждуудсан нь илт. Г.Ариунболд миний охиныг нэгдүгээр эмнэлэгт авчирч өгөхдөө “Зам дээрээс оллоо, танихгүй ийм нэг хүн хэвтэж байсан” гэж хэлснийг нь бодохоор хэлэх үг ч олдохгүй сууна. Тиймдээ ч зохих шийтгэлээ амсана гэдэгт итгэж байна. Энэ хүн бол хариуцлага хүлээх ёстой хүн мөнөөс мөн. Гэм буруугүй хүн лав биш шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Тухайн үед яг юу болсон талаар охин тань юу гэж ярьдаг вэ?
-Ерөнхийдөө юу болсон талаар хүмүүс гадарлаж байгаа. Гэхдээ тэр мэдээллүүд дунд хэд хэдэн худал мэдээлэл бий. Миний охин хурлын протукол хөтлөөд байж байхад нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарсан байна. Чи ир гэж Г.Ариунболд дуудуулсаар байгаад жолоочоороо авахуулсан байдаг. Орон нутгийнх нь эмч ирсэн бол би очихгүй гэхэд манай нутаг руу халдах эрсдэл байна гэсэн байгаа юм. Бидэнд жолоочийг буруутгах ч үндэслэл байгаа. Тэр жолооч магадгүй энэ хэргийг мэдсэн, нуун дарагдуулсан байж магадгүй. Миний охиныг авч очихдоо замаасаа архи аваад очсон байгаа юм. Тэгээд айлд үлдээчихээд жолооч нь буцаад явчихсан. Ямар ч халдварт өвчин гараагүй. Б.Ханбаатар, Г.Ариунболд, Ганзориг гэдэг малчин эгчтэйгээ дөрвүүлээ архидаж байсан гэж байгаа юм.
-ОХИНДОО Л АМЬД ОЧНО ГЭЖ БОДОЖ МӨЛХСӨН ГЭСЭН-
-Тэгээд юу болсон юм бол?
-Охин маань худлаа хэлснийг нь мэдээд явлаа гэхэд “Манай жолооч ирэхээр яв. Бид согтуу чамайг хүргэж өгч чадахгүй” гэсэн байсан. Тэр газар нь манай охины гэрээс нэлээд зайтай, Партизаны сангийн аж ахуйн тэнд 20 орчим км юм шиг байгаа юм. Архиар хоёр гурван удаа шахахад нь уугаагүй байсан. Архи уухгүй юм чинь гээд хоёр аяга айраг уусан байна. Сүүлдээ тэсэхээ байгаад явлаа гээд гарахад Б.Ханбаатар би хүргэж өгнө гээд дагаж гарч ирсэн гэсэн. Б.Ханбаатарын өөрийнх нь машин гадаа нь байсан юм билээ. Ингээд машиндаа суулгаад, 200 орчим метр хүрээгүй газар явж байгаад замаасаа салаад, би согтуу байна, явж чадахгүй энээ тэрээ гэхээр нь охин маань эсвэл би машиныг чинь барья гэсэн байгаа юм. Гэтэл оролдож эхэлсэн юм билээ. Эсэргүүцэл үзүүлэхэд нь шууд барьж авч зодсон гэсэн. Миний охины нүүр ам, гар хөл, бие нь бүхэлдээ хөх няц болчихсон. Уруулыг нь хүртэл сэтлээд хаячихсан байсныг гурван удаа оёо тавиулсан. Ингээд гурван удаа элэгдэхэд нь ухаан алдаж унах үед дахиж хоёр гарыг нь дарж боогоод ухаа алдуулчихсан байгаа юм. Дараа нь охиныг маань хүчирхийлчихээд Б.Ханбаатар үхчихлээ гэж бодсон юм уу зугтаагаад явчихсан байгаа юм. Охин маань гэнэт сэргээд зугтаах гэж мөлхөж явсаар нэг шонгийн ероолд ороод нуугдсан, гэтэл машинаа унаад хайгаад байсан гэсэн. Гэтэл өмдөн дотор нь шингэн оргиод байхаар нь би ер нь үхэх гэж байгаа юм байна, охин дээрээ л амьд очих юмсан гэж бодож мөлхөж яваад нөгөө айлын гэрт ойртож очоод ухаан алдсан гэсэн.
-Эмнэлэгт яаж хүргэгдсэн юм бэ?
-Дахиад нэг ухаан ороход Г.Ариунболд, н.Эрхэмтөр гэдэг жолоочтойгоо хот руу аваад явж байсан гэсэн. Ямар ч байсан “Гранд мэд” гэдэг эмнэлэг дээр очиход хүлээж аваагүй. Нэгдүгээр эмнэлэг дээр аваачихад Гэмтлийн эмнэлэг рүү түргэнээр аваачиж өгсөн байсан. Г.Ариунболд гэмтэлд хүргэж өгөхдөө бичиж өгсөн мэдүүлэгтээ “Зам дээрээс оллоо, танихгүй ийм нэг хүн хэвтэж байсан” гэж хэлсэн байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ