Хон хэрээдийн Б.Энхбатын гомдлыг хэлэлцэнэ

“Ганцаардсан чоно” хочит Хон хэрээдийн гэх Б.Энхбатад холбогдох хэргийг өнөөдөр хяналтын шүүхээр хэлэлцэхээр болсон юм. Түүнд одоогоос долоон жилийн өмнө цаазын ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс цаазын ялыг дээд хэмжээ буюу 25 жил хорих ялаар өөрчилсөн. Өнгөрсөн хугацаанд тэрээр Улсын дээд шүүхэд удаа дараа хандсан байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулснаар түүний гомдлыг ийнхүү хэлэлцэхээр болжээ.
Болсон явдлыг эргэн сануулахад, Талийгаач Хөх хотын Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байсан бөгөөд тухайн үед Хятадаас ирээд гурав хонож байжээ. Найз охиныхоо эцэг, эхтэй нь танилцах гэж Б.Энхбатынд очсон аж. Харин Б.Энхбат охиныхоо найз залууг 2007 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байх Амгалангийн жанжны гудамжны хогийн жалганы хажууд буудан хороосон хэрэг үйлдсэн юм. Залуугийн амийг хөнөөх болсон шалтгаанаа өвөр-монгол аялгаар ярьснаас болсон гэж тайлбарласан байдаг. Анх охиноо буу алдсан хэмээн мэдүүлж байсан ч эцэст нь өөрөө хэргээ хүлээсэн учир шүүхээс түүнийг ялласан. Тэрээр Тахир соёот дахь гянданд таван жил ял эдэлж байгаад дэглэм нь буурч Мааньт дахь чанга дэглэмтэй 415-р хорих ангид одоо хүмүүжиж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ