ЯРИХААС ИЛҮҮ БОДИТ АЖИЛ БОЛДГИЙН ЖИШЭЭ

![]() |
Элэгний С вирусийг 98 хувь устгах үйлчилгээтэй “Харвони” эмийг энэ сардаа багтаан иргэдийн гар дээр хүргэх сайн мэдээ байна. Өдгөө хил, гаалийн шалгалтаар оруулж, Монголд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хэрэгцээтэй хүмүүстээ хүрнэ гэсэн үг. Мэдээж энэ бол сайн мэдээ. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй эмийг Монголд оруулж ирэхээр хоёр жил гаруйн өмнөөс ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гацаанд ороод байсан билээ. Анх Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа элэгний гепатит өвчний эсрэг хэрэглэгддэг Sovaldi /софосбувир/ эмийг Монголд оруулж ирэхээр судалж буйгаа олон нийтэд мэдээлсэн нь энэ төрлийн өвчтэй иргэдийн дунд хүлээлт үүсгэх шалтгаан болсон байдаг. Гэвч тус эмийн борлуулах үнийн дүн дээр салбар хариуцсан сайд Н.Удвал болон Ж.Амарсанаа нарын хооронд багагүй хугацаанд маргаан өрнөж эцэстээ шүүхийн хаалга татсанаар энэ асуудал мартагдах шахаад байлаа. Тэднийг өөр хоорондоо зөрчилдөж, хугацаа алдахын хэрээр С вирусийн эсрэг дараагийн шинэ эмийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэвтрүүлж эхэлснээр Монгол Улсын Эмийн бүртгэлд оруулах асуудлыг шинээр хөндөх шаардлага тулгараад байсан юм.
Салбар хариуцсан сайдууд нь ийн учраа ололгүй явах зуур Засгийн газар огцорч элэгний С вирусийн эсрэг эм монголчуудын хувьд мөрөөдөл төдий болоход ойрхон болоод байв. Эцэстээ Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал дэд сайд Ж.Амарсанааг гүтгэсэн хэмээх шүүхийн дүгнэлт гарсан билээ. Харин шинэ Засгийн газрын танхимд Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба өмнөх сайдуудынхаа санаачлагыг орхигдуулахгүйгээр элэгний С вирусийн эсрэг эмийг дахин хөөцөлдөж эхэлснээр энэ асуудал эргээд сэргэж байв. Төрийн албаны залгамж чанарыг хадгалан ялангуяа хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогыг хаяхгүйгээр хадгалах нь мэдээж сайн жишиг. Үүгээрээ Г.Шийлэгдамба бусад сайд нараасаа ялгаатай байж мэдэх. Өөрөөр хэлбэл, хоёр жил гаруйн хугацаанд дуншсан бас талцсан элэгний С вирусийн эсрэг эм асуудлыг 30 хоногийн хугацаанд бүртгэлд хамруулахаар шийдвэрлэсэн нь өмнө нь гарч байгаагүй содон үзэгдэл байлаа.
Тэрбээр, “Харвони”-г Монгол Улсын Эмийн бүртгэлд оруулах зорилгоор шинэчилсэн бүртгэлийн журмыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулсан нь үүний нэг жишээ. Улмаар АНУ-ын Сан-Франциско, Вашингтон хотуудад өнгөрсөн гуравдугаар сард албан айлчлал хийх үеэрээ “Харвони” эмийн үйлдвэр болох “Gilead Sciences” компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофбергер, Жон Мак Хачисон болон бусад эрдэмтдийн төлөөлөлтэй уулзаж эмчилгээнд нэвтрүүлэх харилцан тохиролцоонд хүрч чадсан байдаг. Үүнээс гуравхан сарын дараа буюу зургаадугаар сарын 10-нд Эрүүл мэнд, спортын яам, “Gilead Sciences” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар ам яриа албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр дэлхийн хөгжилтэй улс оронд өндөр үнээр хэрэглэгчдэд хүрдэг “Харвони”, ”Совалди” эмийг богино хугацаанд, хямдралтай үнээр нийлүүлэх боломж манайд нээгдсэн билээ. Өдгөө тус эмийг эмчилгээнд нэвтрүүлэхдээ Г.Шийлэгдамбыг сайд байхдаа гаргаж байсан тушаалаар баталсан гепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврын дагуу хэрэглэх юм. Энэ хугацаанд элэгний хепатит С вирусийг эрт үед нь оношлохоор хот хөдөөгийн 140 орчим эмч эмнэлгийн ажилтнуудыг хоёр удаа давтан сургалтанд хамруулжээ.
“Харвони” эмийн АНУ-ын зах зээл дэх нэг курс эмчилгээний үнэ 94 мянган ам.доллар байдаг. Харин “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нэг сар уух эмийг 400 ам.доллар буюу нэг курс эмчилгээг 1200 ам.доллароор нийлүүлэхээр тооцож байгаа юм. Эхний ээлжинд 1600 хүнийг, ирэх онд 6400 хүнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд буй мэдээллийг холбогдох яамнаас өгөөд байна. “Харвони” эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргахад гурван шатлалт эмнэл зүйн судалгааны үр дүн 96-99 хувь байжээ. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.
Монгол Улс гурван сая хүнтэй. Үүний 400-гаад мянган хүнд элэгний А, В, С, Д вирусийн асуудал байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээрт орох хэмжээний үзүүлэлт. Бид өнгөрсөн жилүүдэд ДОХ, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гээд нийгмийн шинж чанартай олон өвчинд олон улсын байгууллагын туслалцааг авч байсан ч элэгний өвчлөлийг хэт орхигдуулж ирсний хамгийн энгийн жишээ энэ ч байж болох. Харин өнөөдөр дэлхий нийт эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн “Харвони” эмийг оруулж ирж хөнгөлттэй үнээр иргэдэд хүргэхэд ойрхон ирээд байна. Энэ эмийг нэвтрүүлснээр хоёроос, гурван сарын дотор С вирусийг устгах 98 хувийн үр дүн нь харагдах давуу талтайг олон улсад хүлээн зөвшөөрч эхлээд буй. Нэг ёсондоо хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл 2020 он гэхэд Монголд элэгний С вирусийг бүрэн устгана гэсэн үг. Энэ нэг зүйлийг тодотгоход ийм төрлийн эмийг өөрийн улс орондоо нэвтрүүлж, эмчилгээндээ хэрэглэхийн тулд Эрүүл мэндийн сайд нь өөрийн биеэр очиж шийддэг юм билээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд асуудал тавьдаггүй гэсэн үг. Үүгээр бол Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад бид талархах учиртай. Тэр ярих бус хийж чадсанд асуудлын зангилаа оршиж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ