Туршилтын үр дүнг танилцуулав

“Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс Монгол хургыг бордон экологийн цэвэр, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, стандартын шаардлагын дагуу хээрийн нядалгаа хийж, маханд борлуулах туршилтын ажлын үр дүнг танилцуулах үйл ажиллагаа өчигдөр “Хар сувд” ресторанд боллоо.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаанд оролцож, үг хэлж албан ёсоор нээсэн юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр эрүүл хүнс хэрэглэх чиглэлд хэрэглэгчдийн таашаалыг нэмэгдүүлэх, дотоод зах зээлийг нэмэгдүүлэх зорилготой аж. Түүнчлэн бэлчээрийн Монгол хурганы давуу тал дээр түшиглэсэн маркетинг, мал эмнэлэг, ариун цэвэр, өртөг нэмэгдүүлэх сүлжээнд тулгарч байгаа саад тотгорыг арилган экспортын зах зээлийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байлаа.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад хурганы махны хэрэглээ өндөр байдаг байна. Энэ хэмжээгээр тухайн улс орнуудад зүрх, судасны өвчлөл харьцангуй бага байдаг болохыг олон улсын судлаачид тогтоожээ. 100 грамм хурганы маханд 96 милограмм холестрин байдаг бөгөөд энэ нь хонины махнаас 13 милограммаар бага агууламжтай болохыг илтгэж байгаа юм. Мөн өөхөн судлын хэмжээ бага, өндөр чанартай уураг, В амин дэм, цайр, төмөр зэрэг эрдсээр баялаг байдгаас гадна хүний биед нэн чухал 8 төрлийн амин хүчил хурганы маханд хамгийн зөв харьцаатайгаар агуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ