МҮОНРТ бүтээн байгуулалтын аяныг хэрэгжүүлнэ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлэхээр болжээ.

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхийн зэрэгцээ зорилтот томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн юм.

"MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аян нь олон нийтийг эв эе, хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалтад уриалах зорилготой бөгөөд аяныг "Монголын сайтуудын холбоо", "Happy" ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа юм.

Аяны хүрээнд нэн түрүүнд хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл байхад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ажээ.

Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа, сурагчдын сургуульдаа хүрэх, гэртээ харих зам аюултай байгаа зэрэг хүүхдийн сурч боловсрох, хөгжихөд тулгарч байгаа асуудлуудыг сурвалжилсан 10 цуврал нэвтрүүлгийг МҮОНРТ үзэгчиддээ хүргэсэн.

Тэд энэхүү нэвтрүүлгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ асуудлыг олон нийтийн оролцоотойгоор шийдвэрлэхийг зорин ийнхүү “MNB Сэтгэлийн үндэс" аяныг зарлаж байгаа гэв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ