Арилжааны банкууд ямар зээл олгож байна вэ

Энэ сарын 10-ны өдөр болсон Монголын Банкны холбооны хурлын дараа арилжааны банкууд найман хувийн зээлээс гадна зарим төрлийн зээл олгохоо зогсоогоод байна. Тухайлбал "Голомт" болон "Худалдаа хөгжлийн банк" Гүйцэтгэх захирлынхаа тушаалаар цалин, тэтгэврээс бусад төрлийн зээл олгохоо зогсоож, зээлийн хүсэлт хүлээн авахгүй байгаа аж. Харин "Голомт" банк төслийн зээлийн мэдээлэл хүлээн авч байгаа юм байна. Мөн Улаанбаатар хотын банк цалин, тэтгэврээс гадна хадгаламж барьцаалсан зээл олгож байгаа гэж мэдээллээ. "Хас" банкны мэдээлснээр үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай холбоотой зээлээ зогсоосон байна. Тодруулбал орон сууц, хашаа байшин, газар барьцаалсан зээл олгохгүй байгаа бол автомашин зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгож байгаа юм байна. "Өдрийн сонин"-д дурдсанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс өмнө банкуудад зээлээ зогсоох хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа болохыг Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны холбоо, Банкнуудын хуульчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид анхааруулж байжээ. Цэцийн шийдвэр гарахаас өмнө энэ оны 11 дүгээр сард "Капитрон" банк хэрэглээний зээлээс бусад төрлийн зээл олголтоо зогсоосон гэх мэдээлэл байна. Монголбанкны мэдээлснээр 40 мянга орчим иргэнд орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гараад байгаа ч зээл олгоход энэ тоо хэлбэлзэж болохыг албаныхан сануулсан юм. Мөн энэ долоо хоногт ашиглалтад орохоор хүлээгдэж байсан "Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллын ашиглалтад орох хугацаа хойшилсон байна. Учир нь захиалагчдын дийлэнх нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд найдаж байжээ. Одоогоор Төрийн банкнаас бусад бүх арилжааны банк орон сууцны зээлийн материал хүлээн авахаа түр хугацаанд зогсоосон байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилсэн хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.

Э.Нарантунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ