Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчилнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус байгууллагад хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа өргөдөл гомдлын тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа байдлаа зогсоодоггүй, торгуулиа төлөөд зөрчлөө үргэлжлүүлдэг асуудал байнга гардаг.

Тиймээс өнгөрсөн хугацаанд ШӨХТГ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Ийнхүү дээрх хуулийн шинэчлэлийг боловсруулахдаа Европын холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах үзэл санаа, зарчим, стандартыг тусгажээ. Ингэхдээ хэрэглэгчийн эрхийг хохироосон зөрчлийг шинж тэмдэг, давтамж, хамрах хүрээ, хор хохирлоор нь хөнгөн, ноцтой, маш ноцтой гэж ангилахаар болсон байна. Хөнгөн зөрчилд 21.000.000 төгрөг хүртэлх торгууль, ноцтой зөрчилд 21.000.000-210.000.000 төгрөг буюу зөрчилд хамаарах бараа эсвэл үйлчилгээний үнийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх дүнгээр өсгөж болох, маш ноцтой зөрчилд 210.000.000-2.100.000.000 төгрөг буюу зөрчилд хамаарах бараа эсвэл үйлчилгээний үнийг арав дахин үржүүлсэнтэй тэнцэх дүнгээр өсгөж болох торгууль ногдуулахаар тусгажээ.

Мөн уг хуулинд ШӨХТГ-ын чиг үүргийг бүрэн тусгаж, бие даасан байдлаар хяналт шалгалт явуулж, шийдвэр гаргах эрхийг оруулсан байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд урамшуулал, сугалаат худалдаа болон интернет, явуулын худалдаагаар хохирсон тохиолдлыг зохицуулах хууль эрх зүйн орчин байдаггүй аж. Тиймээс шинэчлэн боловсруулсан хувилбарт энэ талын зохицуулалтыг мөн оруулсан гэлээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг 12 жилийн өмнө буюу 2003 онд шинэчилсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ