Зэвсэгт хүчний МИ8 нисдэг тэрэг осолджээ

Өчигдөр орой Налайх дүүргийн орчимд ЗХЖШ-ын 337 дугаар ангийн сургалтын нислэг үйлдэж байсан Ми-8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ. Нислэгийн үед 11 цэргийн алба хаагч нисдэг тэргэнд явж байжээ. Тэгвэл ослын улмаас нэг хүн амиа алдаж 10 хүн гэмтэж, одоогоор цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн шөнө хоёр хүнийг яаралтай хагалгаанд оруулжээ. Өнөөдөр өглөөний байдлаар цэргийн эмнэлгийг хамгаалалтад авч, хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байсан юм.

Одоогийн байдлаар хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, хагалгааны дараах байдалтай, дөрвөн хүн доод мөчдийн хугаралтай, нэг хүн хавирга хугарсан, гурван хүн арьсны гуужилттай байгаа гэх мэдээллийг өглөө. Жанжин штабын зүгээс алба хаагчдын ар гэрт шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгдсэн. Талийгаачийн хувьд 37 настай Н.Батбаяр гэх монгол улсын зэвсэгт хүчинд 17 жил үүрэг гүйцэтгэжээ.

Жанжин штабын мэдээллээр бол төлөвлөгөөт сургалтыг сар бүр өдөр, шөнө хийдэг гэв. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан. Мөн бүгд цэргийн алба хаагчид гэж мэдээллээ.

Одоогоор ажлын хэсэг гарч ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ