Яруу найрагч Р.Эмүжин өөрийгөө жинхэнэ “Цасан охин” гэж тодорхойлжээ

Уншигч түмнийхээ дунд өөрийн гэсэн байр суурийг бий болгож, олон сайхан ном зохиолуудаа хүргээд байгаа зохиолч, яруу найрагч Р.Энхтуяа гэх энэ бүсгүй Монголын утга зохиолын ертөнцөд Эмүжин нэрээр танигдсан нэгэн. Авьяас билэг, үзэл бодол, гоо сайхнаараа одоог хүртэл гайхагдаж яваа эгэлхэн найрагч маань шинэ жилтэй холбоотой хамгийн нандин дурсамжуудаа ийн хуваалцжээ.

Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Шинэ жилтэй холбоотой хамгийн сэтгэл гонсойлгосон дурсамж юу гээч. Би дунд сургуулийн 3, 4-р ангийн сурагч байхдаа бусад охидоос нэлээд өөр байсан юм шиг байгаа юм. Дандаа өмд өмсөнө. Ахтайгаа нийлж айлын хүүхдүүдийн тоглоомон машин булаана. Дугуй унаад л явж байдаг охин байсан. Бүх охид цасан охин болж байхад намайг үлдээчихсэн. Би тэгэхэд үнэхээр гомдсоон. Харин дараа нь 7, 8-р ангиасаа эхлээд байнга л цасан охин болж, одоог хүртэл цасан охин хэвээрээ явна. Ер нь шинэ жилийн баярыг хүүхдүүдийнхээ гэгээн сэтгэлийг хадгалж үлдэх баяр байлгах юмсан гэж хичээдэг.

Хүүгээсээ өвлийн өвгөн аавд ямар бэлэг авахыг хүсч байна гээд захиа бичүүлнэ, эсвэл сэмхэн яриан дундаа үг алдуулна. Шөнө сэмхээн гэтэж явж байгаад хүссэн бэлгийг нь өрөөнийх нь хаалганд хаасан бэлэгний оймсонд хийчихдэг юм. Өглөө босоод гайхаж асуухаар нь “Мэдэхгүй ээ миний хүү, цонхны цаагуур нэг юм сөр гээд л өнгөрсөн. Цагаан сахал махал л байх шиг байсан” гэнэ. Энэ жил шөнө сэмхэн гэтнэ. Өвлийн өвгөн аав байдаг гэдэгт итгэдэг хүүхэд насыг хайрладаг аа” хэмээн өгүүлсэн байна. Энэ ч утгаараа тэрбээр гэр бүлийнхээ жинхэнэ цасан охин нь болж, хүүхдүүдийнхээ нандин дурсамжийг баяжуулж яваагаараа бахархдаг гэнэ лээ.

Б.СОДОН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ