Улаанбаатарын утаа багассан уу

Таван алхамын цаадах ч харагддаггүй байсан нийслэлийн утаа таван км-ын цаадах ч харагдахаар болсныг анзаарсан уу? Муу сайнаар хэлэгдсэн ч утааны эсрэг ЗГ-ын тусгай сан байгуулж ажилласаны үр дүн үзэгдэж эхлэв бололтой. Бас хотын даргын гэр хорооллын дахин төлөвлөлт ч нөлөөлсөн нь дамжиггүй. Ер нь сүүлийн үед агаарын бохирдлын талаар иргэдийн зүгээс эерэг үгс сонстох болов. Жишээ нь, он солигдох мөчийг Чингисийн талбай дээрээ хамтдаа өнгөрүүлсэн иргэд агаар харьцангуй цэвэр, харин салютын утаа энд тэнд суунаглаж байсныг онцлон ярилцаж байсныг энд дурдъя.

Урьд манай улсын нийслэлийг Азийн цагаан дагина гэдэг байлаа. Тэгвэл одооноос "дагина" ийнхүү бохирдсон даашинзаа сэгсэрч байх шиг. Үүнийг олон талын үр дагавар хэмээн харж болох юм. Тухайлбал, утаагүй зуух, түлш, авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах олон талт ажил зэрэг нь шууд нөлөөтэй. Нөгөө талаар байгалийн үзэгдэл ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл, энэ жил цас ихтэй байгаа нь бас л нэмэртэй байгаа.

Агаарын бохирдол багассаныг албаныхан ч мэдээлсээр байна. Агаарын чанарын индексийг 0-500 хүртэл тоон үзүүлэлтээр тооцох бөгөөд 100 ба түүнээс бага байвал агаарын чанар стандартын шаардлага хангаж байна, 101-ээс их байвал стандартын шаардлага хангахгүй байна гэж үздэг. 2015 оны 10, 11 дүгээр сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 77 мкг-аар буюу 38 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 5 мкг-аар буюу 7 хувиар, азотын давхар исэл 4 мкг-аар буюу 10 хувиар тус тус бага, хүхэрлэг хийн агууламж 14 мкг-аар их байна.

Жишээ нь:

Бээжингийн утаа ихсэж хятадын эрх баригчдыг сандаргаж, тэд дэлхийн анхаарлын төвд ороод байгаа. Энэ талаар зарим мэдээллийн хэрэгслээр Улаанбаатарын агаарын чанарын индексийг 500 давсан, Бээжингийнх 200 давсан хэмээн мэдээлж байна билээ. Тэгвэл бодит мэдээллийг та хэдийд ч agaar.mn сайтаас харах боломжтой юм.

Жил бүр агаарын бохирдол төчнөөн хувиар буурлаа гэх мэдээлэл итгэл үнэмшилгүй сонсогддог байсан бол энэ жил ямартай ч нүдэнд үзэгдэж, мэдрэгдэхүйц үр дүн илэрч байгаад иргэд нааштай хандлагатай болж эхэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж энэ жил хийх ажлаа төлөвлөсөн байгаа. Утаагүй зуух тараах ажил үндсэндээ зогссон ч дараах хэд хэдэн томоохон ажлыг хийхээр болжээ. Тухайлбал, гэр хорооллын 10-12 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 10 орчим мянган айл хэрэглэж буй түүхий нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах турших, Их тойруугийн 110 Кв-ын дэд станцуудаас хэт ачаалагдсан 4 шугамын ачаалал хөнгөвчлөх угсралтын ажил, нийслэлийн таван цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Гэр хорооллоос гарч байгаа утааг 80 хувь багасгахад агаар дахь тоосжилтын агууламж 40-46 хувиар буурч, агаарын чанарын хүлээн зөвшөөрөгдөх стандартад хүрэх боломжтой гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг аж. Өргөс авах мэт бид гэнэт утаанаас ангижрах нь боломжгүй ч гэлээ таатай мэдээлэл ар араасаа нэмэгдсээр байна гэдэгт та бид итгэх хэрэгтэй. Улаанбаатарын утаа цэвэрших нь хэн нэгэнд, хэсэг бүлгийнхэнд бус иргэн бүрт хамаатай.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ