Зөрчлийн 10 оноог ямар тохиолдолд хасах вэ?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд жолооч нарын зөрчлийг нэгжээр тооцон хасах тухай заажээ. Уг 10 оноо нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд энэ оны эхний өдрөөс автоматаар орсон байгаа юм. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна.
Улмаар 10 оноо дуусвал тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл барих эрхийг хасах бөгөөд зохих журмын дагуу жолооч давтан сургалтанд сууж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд жолоо барих эрхийг нь сэргээж, зөрчлийн 10 оноог дахин олгоно. Мөн хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцох юм.
Хуульд зааснаар зөрчил гаргасан тохиолдолд оноо хасахаас гадна зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил болсон тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос -2 оноо;
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочоос -1 оноо;
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос -2 оноо;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос -1 оноо;
- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочоос -2 оноо;
- Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочоос -2 оноо;
- Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочоос -3 оноо;
- Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочоос -2 оноо;
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочоос -1 оноо,
- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочоос -1;
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочоос -2 оноо;
- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочоос -2 оноо;
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочоос -3 оноо;
- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочоос -1 оноо;
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочоос -1 оноо тус тус хасна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ