Бааварыг 08.30 цагаас шүүнэ

Хар тамхи хэрэглэж, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдсан “Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгай камерт түлэгдэж, бэртсэн хэрэг гарсан. Тэрбээр бэртсэн даруйд “Мөнгөн гүүр” эмнэлэгт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарсан юм.

Түүний хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд шүүх байсан ч биеийн байдал муу хэмээн тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Харин нэгэнт бие нь сайжирсан тул түүнийг өнөөдөр шүүхээр болжээ. Хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 08.30 цагт болно.

Хэргийг эргэн сануулбал, Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тэднийг зүйлчилж буй Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх үндэслэлүүд юм. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ