Жолоочийн зөрчлийн оноог 100 болгоё

Жолооч нарын жолооны үнэмлэхэд энэ сарын 1-ний өдрөөс автоматаар 10 оноо орсон гэж мэдээлж байгаа. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр зөрчлийн оноог ирэх сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэх юм байна. Тиймээс гэнэтийн мэдээлэлд самгардсан жолооч нарын хувьд энэ талаар урьдчилан тодорхой ойлголттой болох хугацаа үлдэж байна гэсэн үг.
Анх зөрчлийн оноог 100-гаар тооцох тухай яригдаж байсан. Гэтэл оноо нь 10 болж, тэр ч бүүхэл хэрэгжиж эхэлсэн гэх мэдээлэл жолооч нарын хувьд замын хальтиргаанаас ч илүү гэнэтийн байлаа. Ер нь 10 оноо гэдэг амьдралд дэндүү хямрал шиг сонсогдоод байгаа юм. Тэгэхээр оноог 100 болгож, жолооч нар илүү хууль, дүрэмдээ дасаад, энэ нь нийгмийн хэвшил болон хотын соёл болоод ирэхийн цагт оноог 50-иар бууруулж, цаашилбал 25 болгож болох юм. Түүнээс биш 10 оноо арай л биш болоод авдаг цөөхөн зоостой нь адилхан сонсогдоод байна. Тэгээд ч аравхан оноотой жолооч биеэ барьж, замын цагдаа харангуутаа л хальтраад байж мэдэх нь.
Энд бас нэгэн заалтыг дурьдахад, Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочоос -2 оноо хасна гэжээ. Аливаа тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй үед замын хөдөлгөөнд оролцох нь өндөр эрсдэл дагуулдаг. Гэтэл үүнийг тусгай дуут дохио хэрэглэсэн зөрчлөөс бага оноогоор тооцохоор тусгасан нь дутагдалтай санагдлаа.
Энэ мэтчилэн Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартад эргэж харах мэр сэр асуудлууд байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь анхаарч үзэх буй за.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ