Харвони эмийг С вирустэй өвчтөн бүрт өгөхгүй

Харвони эмийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай хэмээн бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байгаа билээ. Цахим жороор түгээнэ гэдэг нь эмчдээ үзүүлээд жороо бичүүлсний дараа эмч жорыг цахимаар Омбол ХХК-д илгээж, улмаар холбогдох эмийн сангаас нь утсаар өвчтөнтэй ярина. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмчээс цахим жор ирсэн өвчтөнтэй л утсаар холбогдоно гэсэн үг.
Тэгвэл уг эмийг хепатит С вирустэй бүх хүн хэрэглээд эдгэнэ гэсэн ойлголттой байсан ба тэр хэрээрээ ч их хүлээлттэй байсан билээ. Тэгвэл энэ нь бас тийм биш бололтой. Учир нь зарим нэг хориглох заалт байдаг аж. Тухайлбал, элэгний архаг өвчтэй гэх нэгэн иргэн бидэнд хэлэхдээ, эмч нар түүнийг харвони эм хэрэглэж болохгүй гэсэн байна. Тиймээс бид албаны эх сурвалжаас дараах дэлгэрэнгүй мэдээллийг авсан юм.
Эмчилгээний тухайд, анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтнүүдэд 3 сар, харин урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтнүүдэд 6 сараар эмчилгээг хийх аж. Харвони эмийг хэрэглэж болохгүй эсрэг заалтын тухайд, бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан болон бөөрний архаг дутагдалтай өвчтөн тус эмийг хэрэглэхэд тохиромжгүй гэж ойлгож болно. Учир нь албаныхан эдгээр хүмүүст харвони эмийн тунг зөвлөх боломжгүй гэсэн юм. Мөн ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай өвчтөн болон хепатитийн С вирусийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй юм байна. Түүнчлэн гадаадад байгаа монголчууд уг эмийг авах боломжгүй, зөвхөн Монгол улсад амьдарч байгаа иргэдэд эмийг хөнгөлттэй үнээр олгоно гэдгийг онцолсон юм.
Харин төлбөрийн хувьд, бэлэн мөнгөөр хийхгүй, эмийн санд төлөхгүй, зөвхөн Худалдаа Хөгжлийн банк дахь Омбол ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой. Эмийн төлбөрийг 1 сараар эсвэл 3 сар буюу курс эмчилгээний бүтэн хэмжээгээр төлж болох ба үнийг тухайн үеийн долларын ханштай уялдуулан тооцох юм байна.
Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Монгол Улс ч Совалди (Софосбувир 400мг), Харвони (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байгаа ажээ.
Харвони эмийн үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгаа хийгдсэн юм байна. Тухайлбал, Япон Улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарчээ.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ