Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 6-наас буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулна.

Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулахад бэлэн болж, дүүргүүд энэхүү ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулж байна.

Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ