Төрийн үйлчилгээний супермаркет харьяалал харгалзахгүй

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын 3 цэгт Төрийн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэхүү “төрийн үйлчилгээний супермаркет”-ад нийслэлээс үзүүлж байгаа 223 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд зориулан нэг дор төвлөрүүлээд байгаа юм. Тухайлбал, Иргэд хүлээн авах төв, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар зэрэг нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээг төвлөрүүлж байгаа бөгөөд эдгээрээс 55 үйлчилгээг ньгазар дээрээс нь шууд шийдэх боломжтой аж.

Тус төв нь Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Мишээл экспо төвийн байранд, Сонгинохайрхан дүүрэгт “Содон хороолол”-д байрлах юм. Эхний ээлжинд “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний супермаркет”-ын үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус төв нь 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтойгоос гадна нийтийн тээврийн 8 чиглэл энэхүү төв рүү хүрэх юм.

Төв ньүйлчилгээний танхим,өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, уулзалтын өрөө,Хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэрэг 9 төрлийн өрөө, танхимуудтай байхаар төлөвлөгдснөөс гадна нэг удаад 180, өдөрт 2400-4320 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай цогцолбор төв болох юм байна. Цагийн хуваарийн хувьд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Онцлог нь дээрх төвүүдээр иргэд оршин суугаа харъяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ