У.Цэвэгсүрэн: Японд монгол гэртээ амьдрах их сайхан санагддаг

Арлын Япон оронд монгол гэрээ барин амьдарч буй Уртбаярын Цэвэгсүрэний “өвөрмөц” амьдралын хэв маягийн талаар онлайнаар ярилцлаа.

-ЯПОНЧУУД МОНГОЛ ГЭРИЙН БҮТЦИЙГ ИХ СОНИРХДОГ-

-Юуны өмнө өөрийгөө болон гэр бүлийнхнээ манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай аав, ээж Дорноговь аймгийн уугуул, Д.Уртбаяр, М.Гүндэгмаа гэдэг хүмүүс бий. Би Японд ирээд хоёр жил болж байна. Энд сүм хийдийн засвар, дизайны чиглэлээр суралцаж байгаа. Хажуугаар нь “Ikui Kenchukui” компанид дадлагажигчаар ажиллаж байна.

-Японы ямар хотод амьдарч байна вэ? Монгол гэрт амьдрах санаа хэзээ төрөв?

-Би Ибараки мужид байдаг. Гэрээ барьж амьдраад нэг жил болж байна. Эх орноосоо хол гэрээ санаж ганцаардахдаа монгол гэрт амьдрах санаагаа олсон.

japan-Монгол гэр барьж амьдрахад орон нутгийн захиргаанаасаа зөвшөөрөл авдаг юм уу?

-Миний одоо ажиллаж байгаа газрын дарга маань Монголд их элэгтэй хүн байдаг юм. Тэгээд л компанийхаа хашаан дотор гэрээ барьж амьдарч байгаа. Монгол гэртээ амьдрах их сайхан санагддаг шүү.

-Цэвэр, бохирын асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Зөөврийн нойлийг бохирын төв шугамтай холбосон байгаа.

-Дөрвөн ямаатай гэсэн. Манай уншигчдад их сонирхолтой санагдаж байгаа байх?

-Япончууд ямааг бараг л нохой, муур шиг үздэг. Дэлгүүрт нь зардаг юм билээ. Өглөө босоход манай захирлын эхнэр ямааны маань нүүрийг арчаад зогсож байдаг (инээв.сурв).

-Ямаа нь ямар үнэтэй байдаг вэ? Монголчууд шиг ямаагаа самнах, саах гээд ашиг шим харж тэжээдэг болов уу?

-Ямаа нь бүр тоймгүй үнэтэй. 60 мянган иен гэдэг. Монгол мөнгөөр бол 1 сая төгрөг юм байна лээ. Эндэхийн ямаанууд яс томтой, сүү сайтай, ноолуур гэж юм бараг байхгүй шахуу.

-Амьдарч байгаа гэрээ Монголоос авч ирсэн үү? Өөрөө хийсэн юм уу?

-Монголоос авч ирсэн. Харин гэртээ байгаа авдар сав гээд жижиг эдлэлүүдийг өөрөө хийсэн. Бусдаар би чинь айхтар чадварлаг болоогүй байна шүү дээ. Монгол гэр хийнэ гэдэг чинь ур ухаан хоёроо дайчлах асар том философишүү дээ. Цуулбар уньтай, бургасан ханатай гээд л бөх бат талаас нь бодож хийж байж л удаан эдэлгээтэй болно. Мод өөрөө амьтай болохоор муруйна гажина гээд их асуудал тулгарна. Тийм болохоор миний түвшин дэндүү жижигдэнэ шүү дээ (инээв.сурв).

-Япончууд хэр сонирхож байна вэ?

-Ер нь сонирхоно. Энд газар их хөдөлдөг. Харин монгол гэр газар хөдлөлтөд тэсвэртэй учраас япончууд монгол гэрийн бүтцийг их гайхаж, сонирхдог. Тэр нь надад их таалагддаг.

-Хэзээ Монголдоо ирэх вэ?

-Би ирэх есдүгээр сард Монголдоо бүрмөсөн очно. Японд сурсан Амгаланбаяр гэж Дорноговийн ах байдаг. Тэр ах маань Японоос үйллдвэрийн тоног төхөөрөмж оруулаад, одоо Монголд үйл ажиллллагаа явуулж байгаа. Нэг газар нэг чиглэлээр сурсан болохоор Монголдоо очоод хамтдаа ажиллана гэж бодож байна даа.

-Эх орныхоо соёл заншлыг хилийн чанадад сурталчилж яваа чамд амжилт хүсье.

-Баярлалаа. Би өөрийн зохиосон шүлгээ танай уншигчдад зориулья.

Талын цэцэгс өнгөө засах нь торго шиг

Таанын үнэр хамар цоргих нь сүрчиг шиг

Тахийн сүрэг хэцээр дэргэх нь салхи шиг

Талын монгол минь диваажин шиг ээ

Нуурын ус тойрмоо халих нь тэнгис шиг

Нутгын уулс тэртээд сүдэрлэх нь багана шиг

Намрын айраг хөхүүрэнд исгэрэх нь дуу шиг

Нарлаг монгол минь гайхамшиг аа

Махир сэлэм хуйнаас сугарах нь аянга шиг

Маанийн шивнээ лусаа аргадах нь шид шиг

Мойлхон охидын гэзэг намирах нь зураг шиг

Миний монгол мөрөөдөл шиг ээ

Хоточ банхар чононд боорох нь арслан шиг

Хангал адуу тэнгэрт туйлах нь шонхор шиг

Хуурын чавхдасанд дэлхий уярах нь домог шиг

Халх монгол минь шүтээн шиг ээ

Б.ТУЯА

japan

СЭТГЭГДЭЛ БИЧИХ