Солонгос сериал баяртай...

Яагаад ингэж хэлэх болов гэж уншигч та гайхаж магадгүй. Учир нь сүүлийн үед телевизүүдийн эфирийн ихэнх цагийг эзлээд байгаа солонгос сериалд эхнэр хүүхнүүд хэт донтож, өсвөр насны хүүхдүүд үзэн ядалт, өшөө авалтыг сурч, эрэгтэй хүүхдүүд охид шиг болж, бас цөөн хувийнх нь сэтгэл санаанд өөрчлөлт гарч, бэлгийн чиг хандлага нь ч өөрчлөгдөж буй талаар сэтгэл судлаачид ярьж байсан. Энэ ч үнэний ортой байх.

Телевизийн суваг солих тоолонд л солонгос сериалууд, сурталчилгаанууд гарч толгой эргүүлнэ. Үзэх ч юм байхгүй гэж өдөр болгон хүмүүс шүүмжлэх хэрнээ гарч буй сериалыг үзсээр л байгаа. Сүүлдээ солонгос хэлээр хазгай мурий ярьж, кимчитэй гоймонд дурлаж, яг л солонгос маягаар дурлалцаж, сүүлдээ амиа хорлож байна, монголчууд. Өчигдөр гэхэд л өсвөр насны хоёр охин бүтэлгүй хайр дурлалаас болж, хайран сайхан амиа егүүтгэж, хагацлын зовлон амсууллаа, эцэг эхдээ.

Уг нь солонгос сериалаас авах юм бий л байх. Гэхдээ л ихэнхдээ хэрүүл, уйлаан майлаан, өвчиндөө шаналсан хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй,төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л дандаа бүтэлгүй амьдрал гардаг учраас энэ бүхэн монгол түмний минь сэтгэхүйд их бага хэмжээгээр нөлөөлжбайгаа.

Тэгвэл энэ оноос бид телевизийн дэлгэцнээс солонгос сериал олж үзэхгүй болох нь. Баяртай мэдээ. Учир нь Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд энэ талын заалтыг нарийн сайн оруулж өгсөн талаар хууль санаачлагч нь ярьсан байсан. Хамгийн гол шинэчлэл нь олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхыг заасан нь маш том алхам боллоо.

Тэгэхдээ үүнтэй зэрэгцээд монгол уран бүтээлчдийн чанаргүй, мөнгө хөөсөн уран бүтээлүүд гарах нь гэсэн эсэргүүцэл бас гарч л байна. Гэхдээ яах вэ, манай уран бүтээлчид бас чамгүй уран бүтээл хийж, дотооддоо нэлээд сайн өрсөлдөж байгаа. Тийм болохоор тэд маань энэ их өрсөлдөөн дунд хийгээд л, бүтээгээд л байвал чанартай уран бүтээл төрөх нь гарцаагүй. Өрсөлдөөн байгаа цагт чанартай бүтээл гарч л таараа.

Ямар ч байсан монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хэрэглэдэг болсон шиг үндэсний уран бүтээлчдээ дэмжих нь. Тиймээс л баярлаад байгаа хэрэг. Э.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ