Хотын захирагч хотоо захирч байх ёстой

Улаанбаатар хотод ах дүүс Худалдаа хөгжлийн банкыг дээрэмдэв, Капитрон банкыг дээрэмдэв, Увс аймгийн харяат залуус эмгэнийг дээрэмдлээ. Энэ мэт яриа цааш үргэлжсээр л байх болно. Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа иргэд ямар ч бүртгэлгүй амьдарч ажиллаж байна. Хаа байсан Увс, Дорнодоос хот орж ажил хийх, сургуульд сурах нэрийдлээр хотод орж ирсэн залуус хөлсний байр, эсвэл айлын гэр хөлсөлж ямар ч бүртгэлгүй амьдарч байгаад дээрэм хийж эргээд нутаг уруу арилаад өгч байна. Хэн тэднийг хаана хэзээ байсныг яагаад ч мэдэхгүй.

Хажуу өрөөг 350 мян төгрөг нийтийн байр 150 мян төг, гэрийг 50 мян р шууд л хөлслөөд сууж болно. Ямар ч бүртгэлгүй татваргүй орлого олж байгаа иргэдэд байр хөлслөгч хэн байх нь пад байхгүй мөнгөө л авч байвал энэ бүхэн хамаагүй болжээ. Иргэний үнэмлэх дээрх хаяг болач холбогдол багатай болсон байна.

Иймд байр хөлслүүлж орлого олж байгаа иргэдийг бүртгүүлж тодорхой татвар авах, хөлслөгчтэй гэрээ хийх, хороонд бүртгүүлэх, иргэний үнэмлэхийг хуулбарлаж авах зэрэг ажлуудыг хотын захиргаа зохион байгуулж чадвал, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргүүд багасах, хотын үл хөдлөхийн татвар нэмэгдэх сайн талтай. Аливаа зүйлсийг хүнд ойлгуулах хамгийн сайн арга бол татвар, торгууль, санхүүгийн бүртгэл гэдгийг орчин үед дэлхийн хотууд батлаад байна. Хэрэв байраа хөлслүүлдэг иргэд татварт бүртгүүлэхгүй бол хот цахилгаан, усаар хангахгүй байж болно.

Хотод амьдран сууж буй хүн бүр албан ёсны татвар төлөгч болж бүртгэлд хамрагдсанаар эргээд хотын амьдралд эерэгээр нөлөөлж эхлэнэ. Хотын захирагч бол зам засахаас илүү тухайн хотод хэн амьдарч байгааг мэдэж, бүртгэж, хамгаалж бас хотынхоо иргэдийг захирч байх ёстой.

А.Уртнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ