Лувсаншаравын Түмэнжаргал " Наран үр "

Хүсэхэд, хясаа сувдаа нууна.

Цэнгэл жаргалын тань
Цэцэрлэг дотор
Цэцэгт мандалын
Цоморлиг дээр
Цагираглан хэвтэх
Цав цагаахан цэврүү намайгаан
Цаглашгүй ихээр өхөөрдөөч ээжээ...

Анхных болоод удаагийнх ч бай
Алдсан, эндсэн аль нь ч бай
Амьнаас тань амийг олох гэж
Амьсгалаас тань агаар сорох гэж
Ариун уурагнаас тань эх аван
Амсар хэвлийд тань цутгасан
Атга нөж намайгаан, хайрлаач ээжээ...

Зүрхнээс тань зүсэгдсэн хэрчим
Тархинаас тань эмтэрсэн хэлтэрхий
Цуснаас тань шүүрсэн дусал
Сэтгэлд тань бадарсан итгэл намайгаан
Хэвлийгээсээ, дэлхийд мандах хүртэл нь
Хэлхээтэй судсаараа холбон аргамжаад
Хэнд ч хэлэхгүй, нууцхан энхрийлээрэй.

Таныхаа л сонсдог аялгууг, догдлон байж сонсоод
Таныхаа л аялдаг дууг, дагаж аялмаар байна.
Таныхаа л хүндэлдэг, яруу найрагчийн шүлгийг
Таныхаа л адил, цээжээр уншдаг болмоор байна.
Таныгаа л би, өвчиж төрөх гэсэндээ
Таныгаа л үр нь, баясуулан жаргаах гэсэндээ
Танаасаа хайр нэхэж байна, миний ээжээ...

Лувсаншаравын Түмэнжаргал 2015.12.09

Холбоо хоёр уулын
Хонхороос мандсан нар
Хоосон хоёр нуурыг
Холбож усалсан хур
Эцгийнхээ тэнгэрийг ээллэсэн
Энхрий ганцхан хүү минь
Эхийнхээ энгэрийг зөөллөсөн
Эрх танхил үр минь
Сэтгэл зүрхний минь ховдолд
Итгэл цацаруулсан гэрэл
Ангир цээжний минь хөвдөлд
Сүү цалгиулсан ургамал
Өлгийн дотроо нойрсох
Үнэгэн сахиултай өөдөсхөн минь
Гэрийнхээ хойморт шулганах
Гэрлэн бүрхүүлтэй бурхан минь
Сарны нөлөөнөөс халхалж
Хөөгөөр чамайгаан домноё
Нарны үзүүрээс аргамжиж
Ижий нь чамайгаан өсгье
Өвөр дээр минь эрхлэг гэж
Өлгий юуг нь задаллаа
Өвчүүн дээр минь бөмбөрөг гэж
Өрхний оосорыг мулталлаа
Үүдэн хойморт мөлхөг гэж
Үдээр зангилааг тайллаа
Хөөрөн онгироод алхаг гэж
Хонхтой бойтог өмсүүллээ
Аавынхаа алган дээр торойсон
Амин холбоо эрдэнэ минь
Ээжийнхээ элгэн дээр инээсэн
Хүйн холбоо эрдэнэ минь
Ургийн бичгийг сөхүүлж
Удмын сударт тамгалагдсан
Ухаант хүмүний үргэлжлэл минь чи
Хэвлийгээс минь мандаж
Дэлхийдээ жаргах наран ганцхан үр минь юм шүү
Хайр хайрын дээж
Хүн хүний дээд
Хонгорхон хүү минь
Ижий нь чамайгаан тэврэн тэврэн үнсье.

Лувсаншаравын Түмэнжаргал 2015..08..23

СЭТГЭГДЭЛ БИЧИХ