Транс тос хэрэглэхгүй байхыг уриаллаа

Иргэд өөсрдийнхөө хүнсэнд хэрэглэж буй бүтээгдэхүүний найрлаганд юу орсон, ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа төдийлөн сайн мэддэггүйгээс гадна, ямар төрлийн бүтээгдэхүүн биед сөрөг үр дагавартай болох талаар мэдээллээр хомс байдаг. Орчин үед аливаа зүйлийг химийн аргаар гарган авч, зарим хүнсний бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүн болгон хэрэглэж байгаа нь сайн болон муу үр дагаваруудыг бий болгоод байна. Үүний нэг жишээ бол транс тос.

Транс тосны талаарх мэдээлэлгүйгээс болж түүнийг өдөр бүр талх, боорцогтойгоо холин иддэг. Өөрөөр хэлбэл, манай талх, нарийн боовны үйлдвэрлэлд энэ тос гүнзгий нэвтэрснийг судалгаагаар баталжээ. Судалгаанд нийслэлийн Барс, Хүчит шонхор худалдааны төвүүдээр хийсэн бөгөөд Стимо, Бамбууш, Талх чихэр, Атар өргөө, Тэнгэрийн хишиг, Баялаг үр, Өгөөмж архад, Агартайн оргил, Түвшин энх лхам, Жин туул, Өгөөж чихэр боов, Чандмань ээж, Булайн их өндөр, Амдэ гэсэн дотоодын үйлдвэрлэгч компанийн нийт 106 нэр төрлийн гурлин бүтээгдэхүүнийгхамруулсан байна.

Үүнээс Транс тос агуулсан /хаяг, шошгод маргарин буюу транс тос гэж тодорхой бичсэн/ 57 нэр төрлийн бүтээгдэхүүн байв. Энэ бол 106 нэр төрлийн бүтээгдэхүүний 54 хувь нь. Үлдсэн 46 хувь нь дээрх мэдээллийг тусгаагүй, ямар тос хэрэглэсэн нь тодорхойгүй байжээ. Үүнээс үүдэн иргэдийн зүрх судасны өвчлөл нэмэгдэж дэлхийн хэмжээнд дээгүүрт орох болсон бөгөөд энэ нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд аюулын дохио хэмээн тайлбарлаж байна.

Тиймээс хүнсний бүтээгдэхүүний найрлага, орцын талаар тодорхой мэдээллээр иргэдийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ёс зүйтэй байж, төрийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулах нь нэн чухал болсныг эрдэмтэн судлаачид хэлж байгаа юм.

Ийнхүү тун удахгүй болох сар шинийн баяртай холбоотойгоор МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооноос дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд болон иргэдийг хэвийн боов, еэвэндээ Транс тосыг хэрэглэхгүй байхыг уриаллаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ