Шинэ жилээс цагаан сар руу

Шинэ жилээр сар шинийн сурталчилгаа эхэлсэн. Цагаан сар шинэ жилээс 38-хан өдрийн дараа буюу өнөөдрөөс дөрвөн долоо хоногийн дараа болох гэж байна. Оны өмнөхөн махны үнэ нэлээд буурч түр ч атугай амьсгаа өгсөн. Харин үнийн өсөлтийн нугалаа гарч магадгүйг анхаарах хэрэгтэй. Үүнийг Татварын шинэ хуультай холбон тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл, ченжүүд татварын хувиа бараандаа шингээж, тайландаа тусгахгүй өгч байна гэсэн мэдээлэл байгаа юм. Төрөөс гарч байгаа зөв зүйтэй шийдвэрүүдийг зөрчдөг, гажуудуулдаг хэсэг байхыг үгүйсгэхгүй. Баяр дөхсөн яг энэ үеэр банк зоригсдын цуваа ихэсдэг. Буурлууд нь тэтгэвэрээ, бусад нь цалингаа урьдчилан зээлнэ. Зээлсэн цөөн хэдийг нь үнээ хөөрөгдөөд битгий шүүрчихээсэй дээ. Идээ, шүүс, бэлэг, сэлт гээд юу эсийг цуглуулдаг билээ. Дэм дэмэндээ гэдэг үгийн шидийг одоо л үзүүлэх хэрэгтэй.
Ингээд өнөөдрийн байдлаар Хүчит шонхор худалдааны төвд махны бөөний үнэ ямар байгааг сонирхуулъя. Хонины мах 3600-3800, үхрийн мах 4600-4800 төгрөгийн үнэтэй байна.
Ууц, өвчүүний тухайд, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс худалдаанд гарч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 мянгаас 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Хурганы ууц 60-80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа боловч тун ховор байгаа бололтой. Харин үхрийн өвчүү дангаараа 5500-7000 төгрөг бол өрөөлөөр худалдаж авах бол нэг кг нь 4500 төгрөгийн ханштай байна.
Ямартай ч ууц, өвчүүний дээд үнэ өмнөх жилийнхээс 100 гаруй мянган төгрөгөөр хямд байгааг худалдаачид болон иргэдийн зүгээс хэлж байлаа. “Өнгөрсөн жил хонины ууц 150 мянгаас 500 мянга хүртэл дуугарч байсан, гэхдээ 500 орчим мянгаар худалдан авалт хийсэн хүн тун ховор байсан юм. Одоогоор би өдөртөө дунджаар 10-аад ууц зарж байна даа.” гэж Дундговь аймгаас ирж ууц зарж байгаа иргэн Ж.Даваадорж бидэнд ярьлаа.
Дашрамд бас нэгэн мэдээллийг хүргэхэд, сүүний үйлдвэр болон дэлгүүрүүдэд сүүг 1000-1300 төгрөгөөр нийлүүлж байгаа бол иргэдийн гар дээр 1500-1800 төгрөгөөр худалдаалагдаж байна хэмээн Шувуун фабрик дахь фермер бидэнд мэдээлсэн юм.
Ийнхүү шинэ жилээс цагаан сар руу гэсэн жимээр монголын ард түмэн өвдөг сөхирчихгүйхэн шиг онд тавтай орох гэж хичээж л явна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ