Иргэд дахин сонордуулга гаргажээ
Үндсэн хуулийн цэцээс “Иргэний хууль болоод Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай” хууль Үндсэн хуультай харшилж байна гэж дүгнэлт гаргасан юм. Цэцийн энэхүү шийдвэрийг иргэд эсэргүүцэж “Шинэ хөдөлгөөн” байгуулж, тус хөдөлгөөнөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдэд хандаж сонордуулга гарган, нийслэлд байрлах гэрлийн шон, мэдээллийн самбар зэрэг газруудад нааж, байршуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Үндсэн хуулийн цэцээс дээрх сонордуулгыг гудамж талбайд байрлуулсан иргэд Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийсэн гэж үзэн, зохих арга хэмжээг авахуулахаар хуулийн байгууллагад хандаж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Саяхан “Шинэ хөдөлгөөн”-өөс дахин сонордуулга гаргаж, Нийслэлийн гудамж талбайд байршуулсан байна. Тэд тус сонордуулгадаа:
“Монгол хүн бүр эрүүл, тав тухтай орчинд сайхан амьдрах эрхтэй. Энэ бололцоог нь ч олгох ёстой. Харамсалтай нь гэр хорооллынхонд тавтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэнгүй. Гэр хорооллын газар одоо хүртэл эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаагаас бид сайхан амьдрах боломж бололцоогоо өнөөдрийг хүртэл эдэлж чадахгүй байна. Гэр хорооллын иргэд хашааны газраараа хоршиж, газраа барьцаалан банкнаас зээл авч, орон сууцны хороолол, хотхон барьж өөрсдөө амьдраад илүү гарснаа худалдаж, банкнаас авсан зээлээ төлнө гэдэг итгэл үнэмшлээр тэмүүлж байлаа.., гээд, Учир нь Үндсэн хуулийн Цэц Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ” гэжээ.
Харин өчигдөр Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал гардан авах үеэрээ “Цэцийн гишүүд рүү халдаж байна гэдэг бол Үндсэн хуульдаа халдаж байна гэсэн үг” гэж мэдэгдсэн юм.
Н.МЯГМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ