Өршөөлөөр суллагдсан этгээд хүний аминд хүрлээ


Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан этгээд хамтран амьдрагчаа зодож, улмаар цагдаагийн алба хаагчдыг буудахыг завдсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт мөн л Өршөөлийн хуулиар суллагдсан этгээд найзыгаа хоёр удаа хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хийморь-19” хотхонд өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө тус байрны түр оршин суугч 24 настай Ө-г хоёр удаа хутгалж амийг нь хохироожээ.
Хэрэгтэн Ховд аймгийн Булган сумын харьяат 26 настай Э гэх залуу байсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан нэгэн байсан бөгөөд ийнхүү хар багын дотны найзынхаа аминд хүрчээ. Түүнийг цагдаагийн алба хаагчид шуурхай баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан этгээдүүд гэмт хэрэгт холбогдож, бусдын бие эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг нэмэгдэж байгааг хуулийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ