Г.Уянга: Талийгаачийн хэргийг илэртэл анхаарч ажиллана

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан асуудлыг хуулийн байгууллагын зүгээс шалгаж, хэргийн үнэн мөнийг олохын төлөө ажиллаж байгаа.

Тодруулбал, уг хэргийг ЦЕГ-аас гаргасан ажлын хэсэг шалгаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хавтаст хэрэгтэй биечлэн танилцаж, хэргийн явцыг шуурхай илрүүлж шалгах үүрэг чиглэл өгөөд байгаа юм.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын зарим гишүүд анхаарлаа хандуулаад байгаа. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга болоод байна. Тэрбээр өөрийн цахм хуудаснаа “Эх оронч зөв хүн болгож хүмүүжүүлсэн хайртай хүүгээ бусдын гарт алдсан Ж.Төмөрсүх гуай ирж уулзлаа. Их хуралд байгаа цөөн ч гэсэн "манай талын" гишүүдтэйгээ уулзая гээд иржээ. Түүний хийсэн ажиглалт, ажил цагдаагаас дутуугүй байх шиг... Үүн сацуу хүүгийнхээ зорьж явсан ажлыг үргэлжлүүлж Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахуулах талаар хөөцөлдөж явна. Хүндлэн хайрлам сайхан эцэг хүү хоёр. Ж.Төмөрсүх гуайн аль аль зорилго бидний хамтынх байх болно! Бид хэргийг илрүүлтэл анхаарч ажиллах болно!” хэмээн нийтэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ