Сурагчдын хордлогын тал хувь нь пирошкиноос болж байна

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааг сургуулийн орчинд сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний нэр төрлийг тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор ДЭМБ-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оны 2-12 сард гүйцэтгэжээ.

Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож дүүрэг тус бүрээс орон сууцны болон гэр хорооллын 2 сургуулийг тус тус хамруулсан. Сонгогдсон сургуулийн 5-12 дугаар ангиудаас бүлэг тус бүрээс төлөөлөх нэг, нийт 3 ангийг санамсаргүй байдлаар сонгож, тухайн ангийн бүх сурагчдаас сургууль, түүний орчмоос голлон авч хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг асуумжийн аргаар тодруулсан. Асуумж судалгаанд бага, дунд, ахлах ангийн нийт 1408 сурагч хамрагдав.
Сонгогдсон сургуулиуд, тэдгээрийн ойр орчмын 250 м дотор хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ТҮЦ, дэлгүүр, цайны газруудаас сурагчдын түгээмэл хэрэглэдэг 67 нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүний нийт 200 дээж цуглуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, хадгалалтын горим, шошгийн мэдээлэлд үнэлгээ өгсөн байна. Мөн цуглуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжинд хими, хор судлал, хүнд металл, хүнсний нэмэлт, нян судлалын гэсэн 5 төрлийн шинжилгээг хийж, нийт 22 үзүүлэлт тодорхойлжээ.
Үр дүн:
Сурагчдын хоол хүнсний хэрэглээ: Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг байна. Сурагчид сургуулийн орчинд ундаа (66.0%), пирошки (55.1%), зайрмаг (48.4%), чихэр (39.1%) зэрэг бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг нь харьцангуй хямд үнэтэй, шимт чанар муутай бүтээгдэхүүнүүд байна. Сурагчдын дөнгөж 5% нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг аж. Сурагчид пирошкийг 7 хоногийн 3-4 өдөр хэрэглэдэг нь хүүхдүүдийн хамгийн их давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүн болж байгаа юм. Сурагчдын дунд хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглах дадал 70.0 хувьтай ба тэд шошгон дээрээс ихэвчлэн хадгалах хугацааг хардаг гэнэ.
Сурагчдын хоолны хордлогоор өвчилсөн байдал: Сурагчдын 17.8 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хоол хүнс хэрэглээд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд тэдний тал хувь нь пирошкиноос болж хордсон гэж хариулжээ. Хордлого үүсгэсэн хоол хүнсний дийлэнх хувийг пирошки, мантуун бууз, хуушуур, төрөл бүрийн хоол, бургер, ороомог, кимбаб, салат зэрэг хоолнууд эзэлж байна. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд 2-оос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй байна.
Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний хадгалалтын нөхцлийг судлахад, торт, кекс, напелеон тортны 88.9 хувь, савласан сүү, тарагны 22.2 хувь, түргэн хоол болох пицца, бургер, хотдог зэрэг хоолны 15 хувийг ил задгай нөхцөлд худалдаалж байжээ. Мөн нийт дээжийн 61.8 хувьд лабораторийн шинжилгээний дагалдах бичиг баримт байгаагүй.
Ер нь урагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр бүтээгдэхүүний 7:5 хувь нь дунд зэргийн давстай, 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан ба давс багатай ангилалд хамаарах бүтээгдэхүүн байгаагүй гэлээ.
Түүнчлэн түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 сахар нэмсэн бүтээгдэхүүнүүд байв. Үүнд: Бүх төрлийн чихэр, ундаа, зайрмаг, печень, бохь, шоколад, чипс, хатаасан жимс, напелеон торт, кофе.
Өөх тосны агууламжаар чипс, торт кекс, жигнэмэг, шоколадны тосны хэмжээ хамгийн өндөр ба мөн цайны газрын хоолны тослог дунджаар 17.6 гр байгаа нь тослог ихтэйг харуулж байгаа юм байна.
Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний хими, нянгийн бохирдол: Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байгаа бөгөөд шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрчээ. Эдгээр будагч бодис дотор Е102, E110, E122, E124, E129 зэрэг зарим улс орнуудад хүнсэнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн будагч бодис байгаа юм. Эдгээр нь хүнсний будагч бодисыг хүүхдэд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэг гэж үзсэний улмаас Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож, ЕХ-нд хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхгүй байх, мөн уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр хүүхдийн анхаарал төвлөрөлт, хөдөлгөөнд идэвхид нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга тавихаар хуульчилсан байдаг гэнэ.
Хүнсний бүтээгдэхүүний хүчиллэг тодорхойлоход анар жүүс, 370 ундаа, гоё жүүс, капризон ундаа, маамуу жүүс, В15 ундааны хүчиллэгийн агууламж стандарт хэмжээнээс их байна.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний шинжилсэн дээжийн 2-9.8% нь хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нянгаар бохирдсон, 3.6% нь хөгц мөөгөнцрийн бохирдолтой байна. Нянгийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн боловсруулж бэлтгэсний дараа тодорхой хугацаагаар хадгалж борлуулдаг хотдог, бургер, ороомог, кимбаб, бууз, хуушуур, пирошки зэрэг түргэн хоолнууд болон ширхэгийн хоолнууд орж байгаа ба мөн цуйван, будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг зарим хоол, салатны төрлүүд багтаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ