Транс тос хүний биед ямар нөлөөтэй вэ?

Транс тосыг сүүлийн үед манай хүнс үйлдвэрлэгчид болон иргэд ихээр хэрэглэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг тос нь хүний биед ямар нөлөөтэй болон түүний хор уршиг нь яаж илэрдэг талаарх мэдээлэл бидэнд тун хомс байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн дэд сайд асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаагийн тайлбарыг хүргэж байна.
"Транс тос нь хүний биед орохоороо гарахдаа амаргүй байдаг. Ялгаралт мууддаг. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Нэг ёсны сайн өөхний орон зайг эзэлдэг. Үүнээс болж судас нарийсаад ирэхээр даралт ихсэх өвчин, хагас бөглөрөөд эхлэхээр цусан хангамжийн дутагдал, бүрэн тагларахаар нь шигдээс, хагарахаар нь харвалт гэж нэрлэж байна. Үндсэндээ цаад суурь нь судас бөглөрөх өвчин. Энэ транс тос нь судас нарийсгах үйл ажиллагааг улам нэмэгдүүлж байгаа юм. Транс өөх барагтаа юманд задардаггүй. Судсанд очиж наалдахдаа амархан. Сүүлийн 20 жилийн судалгаагаар иргэдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэдгийг тогтоосон. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг. Шинээр төрөх гэж байгаа хүүхэд эхийнхээ өөх тосыг шингээж авдаг. Транс тос их хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн оюуны чадамж сул, өвчинд нэрвэмтгий хүүхэд төрөөд байдаг. Энэ бол том аюул. Сахарын өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Таргалалтыг мөн нэмэгдүүлдэг. АНУ-д түргэн хоолны газрууд транс тосыг хамгийн их хэрэглэдэг. Тиймээс судалгаа явуулж, хүний биед асар муу нөлөөтэй юм байна гэдгийг тогтоосон. Элэгний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр доголдол үүсгэдэг. Эмэгтэйчүүдийн үргүйдэлтэй ч холбоотой. 2007 онд транс тос их хэрэглээг 2 хувиар нэмэгдүүлэхэд үргүйдэл үүсэх магадлал 73 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ."

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ