НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын тухай хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл энэхүү урамшуулалтай НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой болсон. Уг сугалааны анхны тохирлыг энэ сарын 17-нд буюу маргааш 19:30 цагаас МҮОНТ шууд дамжуулах гэж байна.

Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.

Харин Үндсэн сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал Үндсэн сугалааны тохирлоор урамшуулал олгоно:

-Сугалааны дугаарын найман цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал1 дүгээр зэргийн урамшууллыг;

-Сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшууллыг;

-Сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшууллыг;

-Сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшууллыг;

-Сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшууллыг;

-Сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшууллыг тус тус олгоно.

Сугалааны тохирлыг зөвхөн өмнөх сард хэвлэгдсэн сугалааны тасалбаруудаас тодруулна.

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.

Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно.

Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:

-Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол http://www.ebarimt.mn цахим хуудсанд сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.

-Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө.

http://www.ebarimt.mn цахим хуудсанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг бүртгүүлсэн дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.

Сугалааны хонжворын сан одоогийн байдлаар 529 сая 980 мянган төгрөг, шагналын сан 158 сая 580 мянган төгрөг байгаа бол сугалаанд оролцох нийт 2 сая 256 мянга 777 баримт хэвлэгдээд байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар 124144 баримт хэвлэх цэг ажиллаж байна.Харин сугалааны дараагийн тохирол энэ сарын 31-нд, гурав дахь тохирол ирэх сарын 7-ны өдөр тус тус болох юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ