С.Цогтсайхан: Одоо ч ам хатаад байна

ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА С.Цогтсайхантай ярилцлаа. Тэрбээр арав гаран жил энэ чуулгад ажиллаж, өдгөө гадны улс орны хүндтэй зочдыг ирэхэд ая дууны мялаалга өргөдөг “төрд данстай дуучин” болжээ. Дуу хууртай Дундговь нутгийн бүсгүй тэрбээр хэдэн жилийн өмнө Их аварга Дагвадоржийг дэмбээдэж ялж байсан билээ. “Би аваргыг барилдаж ялаагүй шүү дээ” хэмээн инээх түүний яриаг та бүхэндээ хүргэе.

-Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Эх үрсийн баярт зориулаад энэ сарын 31-нд 19:00 цагаас “Хатан салхины аялгуу” нэртэй уран бүтээлийн гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Эх үрсийн баярт зориулсан гэдэг утгаараа эхийн тухай дуу, эмэгтэй хүний намба төрхийг харуулсан бүжиг, уран нугаралт, хөөмий, шударга хөгжим тоглогдоно. Бас миний хүндэлж, даган дуурайж явдаг Ардын жүжигчин Долгор, МУГЖ Ширмэнтуяа, Поп дива Наран, дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал, О.Баянмөнх, Л.Нарантуяа, Н.Батмэнд оролцож ая дуугаа өргөнө.

-Таныг шинэ DVD гаргасан гэж сонссон?

-Тийм ээ. Саяхан “Хатан салхины аялгуу” нэртэй CD, DVD-гээ хүлээж аваад байна. Тоглолтоо хийнэ гэж нэлээд эртнээс төлөвлөж байсан болохоор CD, DVD-гээ тоглолтдоо зориулж гаргасан. Тоглолтод ирсэн бүх үзэгчиддээ бэлэглэнэ.

-Ямар дуунууд багтсан вэ?

-CD-нд нь Монгол ардын уртын, богино, харилцаа дуунууд орсон. DVD-нд нь зохиолын болон дуэт дуунуудаа дүрсжүүлж оруулсан. Бас Монголын уран сайхны кинонд дүр бүтээж байсан үе, тэр үед ямар байсан, яаж урлагийн гараагаа эхэлсэн гэх мэт миний амьдралын түхийг өгүүлсэн DVD байгаа.

- Энэ таны хэд дэхь тоглолт вэ?

-Улаанбаатар хотод гэхэд гуравдахь тоглолт. “Хослох зүрхний уянга”, “Энх улиралаар”, “Ижий нартаа” гэх мэт хамтарсан болон бие даасан тоглолтуудаа хөдөө орон нутгаар нэлээд хийсэн.

-Кинонд тоглож байсан үеээ дурсаач?

-“Их төрийн голомт” гээд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж бүтээсэн киноны Өүлэн эхийн дүрд тоглосон. Миний хувьд үнэхээр аз завшаантай, хүн бүрт олдохгүй. Их ч зүйл сурч мэдсэн дээ. Мэдээж хэцүү байсан. Дуучин болохоос жүжигчин биш шүү дээ. Олон сайхан жүжигчдийн зааж зөвлөсний ачаар амжилттай тоглож байсан.

-Танд одоо кинонд тоглох санал ирдэг үү?

-Үгүй ээ. Хааяа рекламд тоглох санал ирдэг. Заримд нь тоглосон.

-Танай чуулга жуулчдад зориулсан тоглолтоо эхлээд байгаа юм байна. Өнөөдрийн үзэгчид яагаад ийм цөөхөн байна?

-Жуулчдын улирал дөнгөж эхэлж байгаа болохоор ингэж байгаа юм. Гэхдээөнөөдөр л бага байна. Өмнөх өдрүүдэд үзэгчид дүүрэн байсан шүү. Ер нь жуулчилд манай тоглолтыг маш сайхан хүлээж авч байгаа. Олон ч бай, цөөхөн ч бай бид тоглох л ёстой.

-Жуулчид гэснээс манай дотоодын үзэгчид ардын урлагийн тоглолтоо хэр дэмжиж, үздэг вэ?

-Нэг үеээ бодвол сайн үздэг болсон. Амьд тоглолтыг орчинд нь , стандартын театрт нь үзэхийг хүсдэг хүмүүс илт нэмэгдсэн.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдүүд маань овоо гараас гарч байна. Том нь оюутан болсон. Хоёр багын нэг нь сурагч, нөгөө нь цэцэрлэгт явдаг. Манай хүн биеийн тамирын багш. Бид хоёр дунд сургуулийн паралель ангийн сурагч байсан. Өдий хүртэл хамт байсаар л байна. Би урлагийн хүн. Таван салбарт хүчүзсэн гэр бүл байна даа.

-Ханийн тань ямар зан ааш танд таалагддаг вэ?

-Манай хүн нэг их олон үггүй. Наана нь би олон юм ярьчихсан байхад, хань маань голыг нь олсон ганц хоёр л үг хэлдэг.

-Хүүхдүүдээс тань урлагийн хүн болох шинжтэй юу?

-Байх шиг байна. Манай хоёр багаас нэлээд урлагийн мэдрэмж гялтганаж харагдаад байгаа шүү. Хэрвээ өөрөө хүсээд урлагийн хүн болъё гэвэл тордоно. Бас яг урлагийн хүн болгон гэж зүтгэхгүй. Өөрсдийнх нь сонирхол мэдэх хэрэг.

-Таны бодлоор сайхан бүсгүй гэж хэн бэ, ямар хүнийн хэлэх вэ?

-Бүсгүй хүн бүр л сайхан. Эмэгтэй хүн өөрийгөө би царай муутай, би муухай гэж хэзээ ч боддоггүй. Гэхдээ сайхан бүсгүй, гоё бүсгүй, хөөрхөн бүсгүй гээд задалвал их өөр өөр л дөө. Боловсрол, харагдах байдал, сайхан сэтгэл, харьцаа, дотроосоо гэрэлтсэн тийм хүний л сайхан бүсгүй гэх болов уу. Хөөрхөн царайтай мөртлөө дотоод сэтгэл нь авах юмгүй бүсгүйчүүд бас байнаа байна.

-Айргийн улирал эхэллээ. Айргаа санаж байна уу?

-Санаж байна. Одоо ч ам хатаад байна. Гэхдээ нутаг орон руугаа байсхийгээд яваад байдаг шүү. Айргаа ууна, дэмбээгээ тоглоно. Сайхан сайхан.

-Урлагийн хүн, тэгээд эмэгтэй хүн юм чинь гоёл чимэглэл их цуглуулна биз?

-Бид чинь үндэсний хувцасаа өмсчихдөг болохоор хажуугаар нь элдэв ээмэг зүүлт зүүх шаадлага бараг гардаггүй юм даа. Гэхдээ яахав эмэгтэй л хүн юм хойно энгийн үедээ зүүх хэд гурван ээмэг, зүүлт бий. Их олон биш ээ.

-Яагаад уртын дуучин болохоор шийдсэн бэ?

-Миний багын мөрөөдөл. Би Дундговь аймгийн Дэлгэрхангайн уугуул. Нутгийн зан заншил, уур амьсгал надад нөлөөлж, дуучин болгосон байх. Тухайн үеийн багш нар сурагчидтайгаа сайн ажиллаж, багахан авьяасыг нь нээн, хөгжүүлж чаддаг байсан юм шиг санагддаг. Сургуульд сурч байхдаа бэсрэг уртын дуу дуулж, урлагийн үзлэгт уртын дууны төрлөөр оролцож тэргүүн байр эзэлж байсан. Ер нь юм юманд их гүйдэг сурагч байж дээ. Энэ бүхнээс үүдэн уртын дуучин болохоор шийдсэн. Тэгээд СУИС-д ороод Монгол Улсын гавьяат багш Дэлгэрийн удирдлага дор төгссөн. Норовбанзад гуай бас бидний зөвлөх багш байсан. Ийм сайхан багш нарынхаа зөвлөгөө, сургаалийн ачаар өдий зэрэгтэй дуулаад явж байна даа. Би их азтай хүн.

-Хамгийн анх ямар уртын дуу сурч байв аа?

-Анх “Шалзат баахан шарга”- ыг дуулж сурсан. Бидний үед хүүхэд болгон энэ дууг аялдаг байлаа.

-Та хэдэн уртын дуу мэддэг вэ?

-Манай дуучдыг хэдхэн уртын дуунд эргэлдээд байна гэсэн шүүмжлэл их байгаа. Тийм болохоор мартагдаж байгаа, мартагдсан уртын дуунуудаа сэргээхийг хичээж байгаа. СУИС-д багшилдаг болохоор шавь нараараа бас хуучны дуунуудыг сэргээж дуулуулдаг. Мэддэг уртын дуу гэвэл нэлээд бий. Мэддэг дуу бүрээ дуулахад бас хэцүүл дээ.Дуулахад бэлэн биш боловч аялгууг нь мэддэг 60 гаруй дуу байна. Харин дуулдаг дуу гэвэл цөөн. 60 дууг тэгж дуулбал агуу гэж хэлэх байх.

-Дуучин, эсвэл багш байхын ялгаа, үр өгөөжтэй тал нь юу вэ?

-Зөвхөн дуулдаг байхдаа өөрийгөө байнга хянаж, бүрэн гүйцэд дүгнэдэггүй байсныг одоо ойлгож байна. Багш болсноор шавьдаа нэг юм хэлж өгөхийн тулд дүгнэх, цэгнэх хэрэг гарч байна. Тэд надаас юм сурахаас гадна би ч бас тэднээс суралцаж байна.

-Зохиолын дуу дуулаад хүмүүс их амархан баяждаг болжээ. Та бас зохиолын дуу дуулж байсан. Яагаад энэ чиглэлээр дуулахаа больчихов оо?

- ҮДБЭЧ-д харьяалагдсанаараа ядуу байна гэсэн үг биш. Амьдралаа сайхан аваад явж байгаа хүнийг алийг тэр гэх вэ. Энэ бол тухайн хүний асуудал. Би зохиолын дуу дууллаа гээд чуулгаас гараагүй. Одоо ч гэсэн уран бүтээл хийж л байна. Төрд данстай дуучин болно гэдэг их хувь заяа. Энэ том айлын өрхийн гишүүн болох амар биш. Тийм болохоор надад зохиолын дуу дуулаад баяжъя гэсэн бодол төрж байсангүй.

-Одоо ер нь зохиолын дуу дуулья гэсэн бодол байна уу?

-Миний хоолойнд таарсан, эвтэйхэн дуу байвал яагаад дуулж болохгүй гэж. Ер нь хийж байгаа. Одоо тоглолтдоо нэг шинэ уран бүтээл дуулна. Үзэгчид ирээд сонсоорой. Анхны сонсогчид нь та бүхэн болно.

-Уртын дууны чиглэлээр сурч байгаа оюутны тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна уу?

-Жилээс жилд нэмэгдэж байна. Элсэлт төгсөлт их болжээ. Биднийг сурч байх үед жилд нэг, хоёр хүн л уртын дуучнаар төгсдөг байсан. Эсвэл зарим жил элсэлт авахгүй. Аль урлагийн байгууллагад хэдэн дуучин хэрэгтэй байгаагаар тооцоолж хэдэн оюутан сургахаа шийддэг байсан байх. Одоо мэргэжлийн дуучид олширч байгаа нь сайшаалтай ч тэднийг ажиллуулах байгууллага хэд байгаа билээ гэдгийг бодолцмоор. Мөн төгссөн оюутнууд нь орон нутагтаа очиж ажиллахыг хүсэхгүй байгаа нь харамсмаар санагддаг.

-Та амьдралын аз жаргалыг хаана мэдэрдэг вэ?

-Уран бүтээлч гэдэг утгаараа тайзан дээр алга ташилтаар шагнуулж байхдаа аз жаргалтай байдаг. Хань, үр хүүхэд, ээж болон ахан дүүстэйгээ халуун ам бүлээрээ байх нь амьдралын аз жаргал юм.

-Эхээс хэдүүлээ вэ, танайханд өөр дуучин бий юү?

-Зургуулаа. Надаас өөр дуучин байхгүй ч бүгд л уртын дуу аялчихдаг. Хазгай, солгой дуулдаг хүн байхгүй. Манай эмээ их сайхан дуулдаг байсан юм билээ. Дээр үед найрын дуучнаар ихэнхдээ эрэгтэй хүнийг урьдаг байсан ч эмээг бол урьж залдаг байсан гэсэн.

-Танд монгол дээл их сайхан зохидог. Харин өдөр тутамд хэрхэн хувцаслах дуртай вэ?

-Өдий насанд стиль, моод хөөгөөд байх нь юу юм бэ. Хаана явж байгаадаа тохируулан, биедээ эвтэйхнээр хувцасладаг. Чөлөөтэй байна гээд пүүз өмсөөд гүйгээд байдаггүй.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ