С.Оюун сайд та, Үүл баатар шиг огцом хурдаар ажиллаад үзвэл ямар вэ?

Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох тухай яриа он он дамнасан ч баларч алга болчихгүй байгаа нь л яамай гэмээр нөхцөл байдал ноёлжээ.
Станц барих газраа ч тогтоогүй байж энд тэндхийн хөрөнгө оруулагчдыг манайд хүрээд ирээч гээд л даллаад л дуудаад байдаг хэтэрхий хариуцлагагүй нөхдүүд бидний дээр сандайлчихаад удаж байна даа.
Өмнө нь шинэ станцыг III станцын баруун талд барихаар болоод тендер зарлаад 6 оролцогч тодорхой болоод, тэр газар нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг болох нь гэнэт илэрч нөхдүүд баларсан юмдаг.
Тэгээд яалаа. Тэдгээр компаниудаас газрыг нь авахын тулд төр 55 тэрбум төгрөг гаргах ёстой болж, мөнгө байхгүйн балгаар тэдний өмнө бууж өгсөн юм. ТэгээдБаянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газарт л байгуулахаар болоод газар эзэмшлийн асуудал дээр ямар ч но байхгүй. Нийслэлийн мэдлийнх гээд л байсан чинь яасан.
Тэр газар нь хэдийнэ хувийн компанийн мэдэлд очсон байтал нийслэлийн удирдлагууд мэдээгүй юм уу. Эсвэл үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулсан уу, яасан. Ямар ч байсан худлаа л ярьсан байсан даа. Ямартаа л Ерөнхий сайд “ТЭЦ5-ын асуудлыг Засгийн газрын хурлаар 7 удаа хэлэлцсэн. Нийслэлийн удирдлага, Байгаль орчны яамнаас үнэлгээг нь асуусан.
Аль аль нь бололцоотой гэсэн. Гэтэл одоо нийслэлийнхэн хувийн компанид өгчихсөн юм байна яана аа гэж байна. Нийслэлийн зүүн талыг дулаанаар хангах “Амгалан” дулааны станцын талаар мөн ийм яриа гарсан. Газар чөлөөлөхөд 10 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
Байдал ийм л байна. Нийслэлийнхэнд ажлаа хий, наад газраа чөлөөл гэж үүрэг өгсөн байгаа.”гэж омогтойхон мэдэгдсэний араас Э.Бат-Үүл дарга огцом хурдаар ажиллаж, өнөөх газрын асуудлыг шийдсэн.
Нийслэлийн нөхдүүд уг нь бол тэрхүү газрыг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтдаг,улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулчихвал л асуудалгүй гээд байсан ч, тэрнээс наана өөрсдийнх нь шийдэх ёстой том ажил байсныг нууж байгаад илэрч балраад, тэгээд гэрлийн хурдаар залруулсан нь тэр юм.
Ямар ч байсан шинэ эх үүсвэрийн төслийг аваад явъя гэсэн саналОрос, Хятад, Япон, Монголын NewCom гээд дөрвөн талаас ирсэн байгаа.Энэ станцыг барьж байгуулахгүй бол эдийн засаг, нийгэмд үүсэх асуудал их байгааг мэргэжилтнүүдийн байр сууриас ойлгож болох юм.
Сүүлийн мэдээгээр бол станцтай холбоотой асуудал БОНХ-ийн сайд С.Оюуны шийдвэрээс хамаарах үе дээрээ ирчихээд байгаа гэсэн. Учир нь станцын байгуулах газартай холбоотой эцсийн дүгнэлт БОНХ-ийн яамнаас гарах ёстой. Харин Сайд С.Оюуны яам одоогоор гаргаж амжаагүй байгаа юм байна. Тиймээс түүнийг Үүл дарга шиг ажилдаа огцом хурдаар хандаасай гэж хүсэх нь зөв болов уу.
Нөхдүүд шийдвэр сэлтээ үтэр түргэн гаргаад ажлаа явуулахгүй бол нийслэлд тулгарах асуудал урд хүлээж байна. Нийслэлийн дулаан хангамжгэхэд 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй гэдгийг яриад байгаа.
Ямартаа л Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар зөвшөөрч, IV цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөхөөр болж байх билээ.
Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаад ирэх оны 6 дугаарсард багтаан дуусгана л гэх зүйлийг яриад байгаа. Гэхдээ ийм нөхөөс маягийн арга хэмжээнээс илүүтэй том өөрчлөлт, бүтээн байгуулалт л энэ салбарт хэрэгтэй байна даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ