МОХ улс төржихгүй гэх баталгаа алга

МОХ гэж Монголын 170 мянга гаруй оюутны эрх ашгийг хамгаалдаг ТББ байгууллага. Энэ ТББ-ын удирдлагууд дүрмээрээ хоёр жил тутамд оюутнуудын нэгдсэн чуулганаар сонгогддог.
170 гаруй мянган оюутны эрх ашгийг хамгаалж тэнд үйлчлэх учиртай төрийн бус байгууллага өдгөө оюутнуудын нэрийг барьж, элдэв санаагаа хэрэгжүүлэх гүүр болж гэхэд хилсдэхгүй биз. Тухайлбал, 2014 оны 10 дугаар сард хаалттай чуулганаа Дархан хотод сүр дуулиантайгаар хийж Д.Батбаяр угсаа залгамжлагчаар тодорсон. Тэгвэл Д.Батбаяр оюутны эрх ашгийг зөрчсөн үйлдлээсээ болж өөрийн хүсэлтээр ажлаа өгч, өнгөрөгч оны 10 дугаар сард ээлжит бус чуулганыг хуралдуулан удаах ерөнхийлөгчөөр Н.Удаанжаргал буюу МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн гэгдэх эрхэм сонгогджээ.
Үүний дараа МОХ улс төржиж, оюутнуудыг намын үзэл суртлаар ухуулж, бодлогыг нь хэрэгжүүлдэг ТББ боллоо гэсэн шуум олны дунд тархаж эхэлсэн юм. Тэгвэл мөн МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батжаргал саяхан “Хөдөлмөрийн Үндэсний Нам”-д элсчээ. Түүний хувьд МАН-ын дэргэдэх “Монголын ардчилсан социалист оюутны холбоо” буюу одоогийн “Нийгмийн ардчилал оюутны холбоо”-нд нарийн бичгээр ажиллаж байгаад оюутны байгууллага дамжсаар МОХ-нд харьяалагдах болсон аж. Сүүлд UBS телевизийн “Улс төрд шинэ манлайлагч” реалити шоунд оролцож байсан. Харин сонгууль дөхсөн энэ үед ХҮН намын гишүүн болсон нь олон хардлагыг давхар төрүүлж байгааг хэлэх хүн байна. Жишээ нь: МОХ бол оюутны эрх ашгийн төлөө ТББ болохоос улс төрд шургалах шат дамжлага биш. Э.Батжаргал харин үүнийг овжиноор ашигласан уу? Мөн оюутнуудтай хамгийн ойр ажиллаж, холбооныхоо өдөр тутмын ажлыг залгуулах ёстой ЕНБ дарга нь ХҮН намын гишүүн болсон тул 170 мянган оюутан ХҮН намд ажиллах уу? Э.Батжаргал оюутнуудыг ашиглаж сонгуулиар аль нэг тойрогт, эсвэл ИТХ-д хүч үзэхээр зэхэв үү? гэсэн хардлагыг төрүүлжээ.
Үүнээс харахад одоогийн МОХ-ны удирдлагууд зөвхөн нэг нам ч бус, олон намд шургалж байхад 170 мянган оюутны эрх ашгийг улс төртэй хутгахгүй гэж итгэх үндэслэл алга. Ерөнхийлөгч нь МАН-ынх, ЕНБ дарга нь ХҮН-нх болсон энэ байгууллага цаашид тогтвтортой ажиллаж оюутны эрх ашгийг хамгаалж чадах уу гэсэн эргэлзээг төрүүлж байна. Тэд хэний төлөө дуугарч, хөдлөх бол? Ер нь энэ оюутны байгууллага улс төрд шургалах бас нэг гишгүүр болж харагдах болов.
Монголын ойрын ирээдүйг тодорхойлж яваа оюутны эрх ашиг, эрдэм боловсролд анхаарч байх учиртай МОХ үндсэн чигүүрэг, ёс дүрмээрээ ажиллаж чадаж байна уу? Монголын маргаашийг оюутны маргаашаар бид төсөөлөх учиртай.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ