Мал аж ахуй цахилгаан станцаас дутахгүй

Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн аюултай үйл явцын нэг нь дэлхийн дулаарал болж байгааг цаг уур судлалын хүрээлэнгүүд анхааруулж байна. Бид дэлхийн дулаарлаас үүдэх хор уршгийг дурддаг ч чухам ямар арга замаар урьдчилан сэргийлэх талаар тэр бүр мэдээлэл байдаггүй. Тэгвэл энэ талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хурдацтай дулаарлын нөлөөгөөр Хойд мөсөн далайн мөсний дор хуримтлагдсан асар их метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар АНУ-ын Сансар судлалын үндэсний төвөөс (NASA) сэрэмжлүүлжээ. Метан нь далайн гүнд мөстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагдсан байх бөгөөд хэрэв мөс хайлж усны температур нэмэгдэх буюу мөсний дээрх даралт буурвал метан хий чөлөөлөгдөж агаарт дэгдэхэд эзэлхүүн нь 170 дахин тэлж агаарын метаны хэмжээ үлэмж нэмэгдэн дэлхийн дулааралт илүү эрчимтэй явагдах бөгөөд цаг агаарын энэхүү өөрчлөлтийг тогтоон барих боломжгүй болох ажээ.

Сансрын хиймэл дагуул болон усан онгоцноос хийсэн судалгаагаар үзэхэд Хойд туйлын мөс (2007 оны 09 сарын байдлаар) 1950 оны түвшинтэй харьцуулахад 50 хувь буурсан байна.Гренландын гадаргуугийн мөсөн давхаргын нийт хэмжээ 15 жилийн өмнөх үетэй харьцуулахад 4 дахин багассан. Судлаачдын 77 жилийн турш хийсэн хэмжилтүүдээс харахад Хойд мөсөн далайн гадаргуугийн агаарын температур хамгийн өндөр түвшинд хүрчээ.

АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн цаг уурын шилдэг эрдэмтэнJames Hansen хэлэхдээ: “Бид эцсийн цэгийг өнгөрөөд байгаа ч эргэж буцалтгүй болсон цэгт хараахан хүрээгүй байна. Бидэнд алдаагаа засч энэ аймшигт байдлыг өөрчлөх боломж байна. Үүний тулд бид одоогийн байр сууриа өөрчилж нэн даруй хөдлөх шаардлагатай” гэжээ.

Одоогийн байдлаар хүрээлэн буй орчны байгууллагууд зөвхөн нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль, дүрэм боловсруулагчид зөвхөн түлшний эдийн засгийн стандартыг дээшлүүлэх, цахилгаан станцуудаас ялгарч буй нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгох зэрэг асуудалд илүү анхаардаг. Цаг уурын дулаарал дэлхийн нийт улс орны дөрөвний гурвын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн судалгааны шинэ үр дүнг "Nature" сэтгүүлд нийтэлжээ. Энэ зууны төгсгөлд нүүрсхүчлийн давхар исэл, бохирдол, дулаарал нэмэгдсээр байвал дэлхийн дундаж орлого 23 хувиар буурна гэсэн тооцоо гаргаад байна.

Гэтэл дан ганц нүүрсхүчлийн хийн асуудал нь өрөөсгөл болохыг АНУ-ын сансар судлалын үндэсний төвийн (NASA) нэрт эрдэмтэн доктор James Hansen нарын судалгаа харуулжээ. Дэлхийн температурыг ойрын 50 жилийн дотор хурдан бууруулахын тулд нүүрсхүчлээс бусад хүлэмжийн хийг багасгах стратеги баримтлах шаардлагатай бөгөөд хамгийн их үр дүнтэй нь дэлхийн хүн амын махны хэрэглээг хязгаарлаж, цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм гэж эрдэмтэд зөвлөж байна.

Учир нь сүүлийн үед дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй боловч агаар мандалд байх хугацаа нь харьцангуй богино буюу 8-10 жил гэж үздэг. Гэтэл нүүрсхүчлийн хий агаар мандалд 100 жил байдаг ажээ.

2007 оны байдлаар агаар мандалд байх нүүрсхүчлийн хийн хэмжээ аж үйлдвэрийн хөгжлийн өмнөх үеийнхээс 31 хувь нэмэгдсэн байхад метаны хэмжээ 150 хувь нэмэгдсэн байна. Метаныг хамгийн ихээр ялгаруулж байгаа гол үүсвэр нь мал аж ахуй гэж үздэг. Дэлхий дээр мал аж ахуйгаас жилд 100 гаруй сая тонн метан ялгардаг гэсэн тооцоо бий. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаагийн шалтгааныг дэлхийн махны хэрэглээ өнгөрсөн тавин жилд тав дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Мал амьтнаас ялгарч буй нийт метаны 85 хувь орчим нь малын хоол боловсруулах үйл явцад үүсдэг аж. Нэг үнээнээс ялгарах метаны хэмжээ харьцангуй бага боловч дэлхийн амьтдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их гэнэ. Үлдсэн 15 хувь нь амьтдын ялгадаснаас үүсдэг байна.

Жишээ нь, Австралийн 28 сая үхэр, 110 сая хонь нэг жилд 3 сая тонн орчим метан ялгаруулдаг гэж тооцоолжээ. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй гэвэл 3 сая тонн метан нь 180 сая тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэнэ. Эндээс мал аж ахуй эрхлэлт нь дэлхийн дулааралд нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас дутуугүй нөлөөлдөг гэх сонин баримт гарсан байх юм.

Дэлхийн дулааралд асар их нөлөөлж буй метаны хэмжээг багасган дэлхийн дулаарлыг бууруулах хамгийн энгийн, хурдан бөгөөд үр нөлөөтэй арга нь хүн төрөлхтөн амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах юмуу бууруулж ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх явдал гэж эрдэмтэд зөвлөх болжээ.

Нүүрсхүчлийн хий ялгаруулагч шатахуун хэрэглэдэг технологиос татгалзахын оронд дэлхийн хүн амын хооллолтыг өөрчлөх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг илүү хурдан бууруулах боломжтой гэсэн тооцоог судлаачид гаргажээ. Гэхдээ манай орны хувьд үүнийг яаран хэрэгжүүлэх шаардлагагүй гэж болно. Учир нь Маршалл Бюрк тэргүүтэй Стэнфордын их сургуулийн эрдэмтэд сүүлийн 50 жилд 160 гаруй орны эдийн засгийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр "дэлхийн дулаарал сэрүүн бүсийн хуурай уур амьсгалтай бүс нутгуудад эдийн засгийн үр ашигтай байдал бий болгож, дулаан уур амьсгалтай орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө" гэсэн дүгнэлт хийсэн байна.

Машин болон цахилгаан станцын эргэлтийн хувь нь хэдэн арван жил байдаг аж. Хямд үнэтэй, хий ялгаруулдаггүй шатахуун олдоцтой байлаа ч гэсэн дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэхэд олон арван жил зарцуулагдах тул дулаан уур амьсгалтай орнуудын хувьд махан хоолноос татгалзах нь илүү боломжийн арга гэж үздэг бололтой. Нөгөөтэйгүүр метан нь агаар мандалд нүүрсхүчлийн хийнээс 10 дахин богино хугацаанд байх учир метаны ялгаралтыг бууруулснаар дэлхийг илүү хурдан хөргөх бололцоотой гэж үзжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ