Дээд боловсролын засаглалыг боловсронгуй болгох стратеги боловсруулж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн олон улсын зөвлөх үйлчилгээний баг "Дээд боловсролын байгууллагын засаглал, стратегийн төлөвлөлт" сэдэвт хоёр өдрийн сургалт-семинарыг Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн байранд зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжилж буй уг семинарт яамны холбогдох албан тушаалтнууд, хот,хөдөөгийн дээд боловсролын байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүд, ректорууд, дэд захирлууд, эрдэмтэн судлаач доктор, профессоруудын төлөөлөл 80 гаруй хүн оролцож байгаа юм.

Сургалтын талаар СЭЗДС-ийн Судалгаа, хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал /Ph.D/ Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-Энэхүү сургалтын гол ач холбогдлыг товчхон тайлбарлаж өгөхгүй юу?

-Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр БСШУЯ-наас 2012 оноос хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд гадаад, дотоодын 20 зөвлөхөөс бүрдсэн Зөвлөх үйлчилгээний баг ажиллаж, их, дээд сургуулиудад зөвлөгөө өгч ажилладаг. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд өнөөдрийн семинар болж байгаа юм. Гол ач холбогдол нь өнөөдөр их сургуулийн засаглалыг яаж боловсронгуй болгох вэ, Монголд байгаа төрийн өмчийн их сургуулиудыг яаж бие даалгаж ажиллуулах вэ, яаж эрдмийн эрх чөлөө, сургуулиудын бие даасан байдлыг хангах вэ гэсэн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах явдал юм. Сургалтанд олон нийтийн статустай бие даасан удирдлагын загвар, ашгийн төлөө бус, ТББ-ын загварыг танилцуулж байгаа. Үүнийг манай хувийн болон төрийн аль ч сургуулиуд авч хэрэглэх бүрэн боломжтой.”

Сургалтын үеэр СЭЗДС-тай Дорнод ИС, Отгонтэнгэр ИС болон Идэр дээд сургуулиуд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм. Ингэснээр дотоодын сургуулиуд туршлага солилцохоос гадна оюутнууд ч харилцан кредитээ хүлээн зөвшөөрөх, чөлөөтэй суралцах боломж бүрдэнэ гэлээ. Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа юм байна.

Энэ талаар Дорнод Их сургуулийн захирал /Ph.D/ О.Янжмаа “Бид бүхэн Зүүн бүсийн төрийн өмчийн бие даасан, магадлан итгэмжлэгдсэн ганц их сургууль бол манай сургууль юм. Манай сургууль байгуулагдаад 25 жил болж байна. Өнөөдрийн гэрээний хүрээнд бид хойшид хамтран ажиллах, багш нар туршлага судлах, хөтөлбөрийн өөрчлөлт хийх, багш нар хоорондоо хичээл солилцох боломжтой болж байна. Жишээ нь, СЭЗДС-ийн багш Дорнод ИС-д, Дорнод ИС-ийн багш Идэр дээд сургуульд гэх мэтээр хамтын ажиллагаа өргөжих гарц нээгдлээ. “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Боловсролын тухай багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахад манай сургалтанд хамрагдаж байгаа багш эрдэмтэд хувь нэмрээ оруулж байгаа. Удирдлагыг хаанаас сонгох вэ, ямар хүн байх вэ зэрэг асуудлыг нэг мөр болгож хуулинд оруулахаар болж байгаа нь давуу талтай юм.” хэмээн тайлбар өглөө.

Мөнэнэхүү семинарын гол үр дүнгийн талаар Идэр дээд сургуулийн захирал /Ph.D/ Д.Зоригт хэлэхдээ “Оюутнуудад боломж нэмэгдэж, хүрээ тэлэгдэж байгаа нь санамж бичгийн гол үр дүн. Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурдаг ах дүү, эгч дүү сургуулиуд болдог туршлага дэлхий нийтэд байдаг л даа. Гэхдээ монголын их, дээд сургуулиудын хооронд болж байгаа гэдгээрээ өвөрмөц, бараг анхны удаагийн тохиолдол болж байна. Энэ бол эдгээр сургуулиудад их боломжийг олгож байгаа дэвшилтэт хэлбэр гэж бид харж байгаа. Гол асуудал бол засаглалыг сайжруулах энэ семинар хэлэлцүүлгийн үеэр үзэглэлээ. Тэгэхээр их, дээд сургуулиуд цаашид хөгжих, дэвших гол түлхүүр бол засаглал, менежментийг сайжруулах асуудал юм. Энэ дээр олон улсын болон дотоодын зөвлөхүүд, сургуулиуд тал талаас нь ярьж байна. Бараг бүх сургуулиуд олон нийтийн гэдэг рүү нь явж байгаа. Төрийн сургуулиуд ч хуулийн шинэ өөрчлөлтөөр олон нийтийн болох гэж байна. Зарим хувийн сургуулиуд, тухайлбал, манай Идэр дээд сургууль олон нийтийн чиг баримжаатай сургууль болох гэсэн санаачлагыг бараг анх удаа тавиад явж байх шиг байна. Энэ бол монголын нийгэмд шинэ үзэгдэл. ” хэмээн дүгнэлээ.

Энэхүү сургалт-семинар нь “Дээд боловсролын шинэчлэл” олон улсын зөвлөх үйлчилгээний багийн Монголын дээд боловсролын байгууллагуудад зориулан зохион байгуулж буй олон чиглэлийн сургалт, семинаруудын нэг юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ