Удирдлагуудаасаа илүү мэдэлтэй хэлтсийн дарга

“ЖИ ТИ ЭМ ЖИ ЭЛ”ХХК нь МИАТ ХК-ийн 1 давхрын зоогийн газарт нисэх бүрэлдэхүүн, ажилчид болон бусад үйлчлүүлэгчдэд хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж. Тэд МИАТ компанийн Хангамж үйлчилгээний хэлтэст тасралтгүй 15-20 жил ажиллаж ирсэн уугуул ажилчид бөгөөд 2014 оны есдүгээр сард Засгийн газрын 147-р тогтоолоор цомхотголд орсон юм байна. Улмаар тэдэнд хуулийн этгээд болсноор ажлын байрандаа үлдэх боломжтой гэсний дагуу “ЖИ ТИ ЭМ ЖИ ЭЛ”ХХК-иа байгуулсан гэнэ. Ингэхдээ ажил үйлчилгээний гэрээгээр бус түрээсийн гэрээ хийжээ.
Уугуул ажилчдын мэдэгдэж буйгаар МИАТ ХК-ийнзахиргаанаас буюу Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус үйлдэл гарган ажилчдынхаа ажлын байр, мэргэшсэн ажилчид, стандартаар тогтоогдсон бүтээгдэхүүний үнэ болон нийт үйлчлүүлэгчдийг нь булаан авч өөрийн хүнд өгөх санаархлаа хэрэгжүүлж эхлээд байна хэмээн үзэж мэдээлэл хийсэн юм. Тухайлбал,
1/ Хоолны хангамж үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулах Засгийн газрын тогтоолд тодорхой тусгасан байсан юм.
2/ Гэрээг ганцхан сарын хугацаатай хийсэн нь залилсан гэх тодорхой нотлох баримт болно.
3/ Ажилчдыг хооронд нь хагаралдуулж, үүний улмаас гурван тогооч ажилгүй болсон. Тэд МИАТ компанийг Иргэний шүүхэд өгч заргалдсан боловч амжилтанд хүрээгүй, хохироод үлдсэн.
4/ Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нь өөрт оногдоогүй эрхийг эдэлж, 2016 оны 1 сарын 14-ний өдөр 05/193, 05/195 тоот албан бичгүүдийг нэг өдөрт хоёр удаа өгч сэтгэл зүйн дарамт учруулсан.
5/ Хүч түрэмгийлэн “Тэнгэрийн Хөдөлгүүр” ХХК-ийн Цогзолмаа гэгч эмэгтэйг оруулж ирж, энэ хүний удирдлаганд та бүхэн ажиллана гэж огт танихгүй хүн авч ирсэн.
6/ Ажлын байрны бүх түлхүүрийг тогооч Буянхишигээс ахлах мэргэжилтэн Цэрэнбат худал хэлж аван Цогзолмаад өгсөн (Жи Ти Эм Жи Эл ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох байхгүй үед)
7/ Нийт ажилчдад цалинг хоёр дахин нэмж өгнө, бидэнтэй хамтарч ажилла гэж сэтгэл санааг нь үймүүлж, ажилчид хооронд хагарал, хэрүүл маргаан, бухимдал үүсгээд байна.
8/ МИАТ ХК-ийн мэргэжилтэн Цэрэнбатаагийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 1 сарын 16-нышөнийн 01цаг 30 минутанд манай компанийн тогооч болон хамгаалагч нарыг хүч түрэмгийлэн ажлын байрнаас гаргаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн ноцтой үйлдэл юм.
Үүнээс үүдэн ажилчдын эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч, агуулахад байгаа бараа материал муудах, харилцагч “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдал, бусад гэрээт байгууллагууддаа хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллах боломжийг хааж бизнесийн орлогын алдагдал, гэрээний хариуцлага хүлээх зэргээр хохирч байгаа юм байна.
Компанийн дотоод ажилд МИАТ компанийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт өөрийн танил талаа оруулах санаархалтай байна хэмээн дээрх хамт олон хардаж байгаа гэдгээ нуугаагүй юм. Энэ талаар МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирт хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байна гэдгээ тус хамт олон хэлж байв.
Мөн Зам тээврийн яаманд хандсан байна. Салбарын сайд М.Зоригт МИАТ компанийн удирдлагад 2015 оны 10 дугаар сарын 21-нд Мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд ажилчидтай гэрээ байгуулж, тогтвортой ажлын байраар хангаж, эрх ашгийг нь хамгаалж ажиллах тухай заасан байна. Харамсалтай нь өнөөг хүртэл уг мэдэгдлийг үл тоомсорлон, тодорхой арга хэмжээ аваагүй аж.
Үүнээс үзэхэд, төрийн албан тушаалыг өөрийн эрх ашгийн төлөө дураараа ашиглаж байгаа энэ мэт үзэгдэл хэрээс хэтэрлээ. Дээрх үйлдэл нь Тавантолгойн компанийн 200 ажилчдыг хятадын компанид автоматаар ажиллуулах болсонтой утга нэгэн харагдаж байгаа юм. Энэ удаад бүхэл бүтэн компанийг бүхлээр нь өөр нэгэн компанид шилжүүлэх гэж байна гэж ойлгож болно. Тодруулбал, хувь нийлүүлсэн компанийн ажилчдыг эд хөрөнгийн хамтаар өөр компанид автоматаар шилжүүлж байгаад асуудлын гол оршиж байна.
Энэ мэтээр албан хүч хэрэглэн хууль бусаар булаан авч байгаа үйлдэлд хэн, хэзээ хариуцлага хүлээх вэ? Хэмнэлт, горимд шилжүүлэх Засгийн газрын 147-р тогтоолыг ашиглаж бусармаг үйлдэл хийж байгаа Б.Баасанцогт уу, Тогтоол гаргасан Засгийн газрын тэргүүн үү?
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ