О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар эвслээс гарах уу
МАХН, МҮАН-ын УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрыг огцруулахгүй гэдэг асуудал дээр олонхиороо санал нэгдсэн. Эвслийн дарга Н.Энхбаяр ч “Засгийн газрыг огцруулах кноп дарах юм бол сонгуульд оролцуулахгүй” гэсэн сануулгыг гишүүддээ өгсөн байна билээ.
Тэгвэл О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар Засгийн газрыг огцруулах саналаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. О.Бааснхүү, Л.Цог нарын хувьд нэлээд эртнээс намынхаа дарга Н.Энхбаяртай түнжин хагарч, намаасаа хөөгдөхөө хүлээж байсан гээд хэлчихэд нэг их зөрөхгүй. Г.Уянга гишүүний хувьд ч мөн л ялгаагүй Н.Энхбаярыг эртнээс “өдөж” эхэлсэн.
Тэгээд ч тэдний хувьд “Шударга ёс” эвсэл засгийн газарт байлаа гээд наалдах юмгүй болсон. О.Баасанхүү гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга гэдгээс өөр албан тушаал авч байгаагүй. Л.Цог гишүүн ч ялгаагүй УИХ-ын дэд дарга гэдэг албан тушаалыг нь МАХН-ынхан булаах гэж оролдсоноос болоод эв түнжин хагараад байгаа юм. Харин Г.Уянга гишүүн ямар нэгэн давхар дээл өмсөөгүй хэдий ч ганц дайчин ганцаардахгүй гэгчээр хамгийн уянгын драмыг УИХ-д тоглосоор байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын аавд захидал бичиж, түүнийгээ бараг л кино болгох шахсан нь олны дургүйцлийг нэлээд хүргэсэн. Үүнээс нь болоод Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл нэлээд хатуухан үг чулуудаад амжсан.
О.Баасанхүү гишүүнийг Ардчилсан намд элсэх гэж байгаа гэсэн яриа хэсэг гарсан. Учир нь түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалгаар ажиллах нь хэрээс хэтэрсэн гэж намынх нь нөхөд ярьдаг. О.Баасанхүү гишүүн ч урд нь энэ намын батлахтай байсан нэгэн. Тэр ч утгаараа МАХН-аас өөрөө биш хөөгдөж гарахыг илүүд үзэж, хүлээж байсан ч байж болох юм.
Л.Цог гишүүн МАХН-ынхантай түнжин хагараад удаж байна. Н.Энхбаяр даргыг Монголд анх ирсэн цагаас нь эхлээд л түүнийг МАХН-аас хөөгдөх гэж байгаа гэсэн яриа гарч байсан. Тэд албан тушаал болон МАХН-ын одоогийн байрны асуудлаас болж маргалдсаныг эх сурвалжууд хэлдэг. Л.Цог тойргоос сонгогдож гарсандаа нэлээд бардам байдаг нь МАХН-ынхныг хэлэх үггүй болгодог гэсэн. Тэр ч утгаараа ирэх сонгуульд оролцоход нь МАХН тийм ч хэрэгтэй нам гэж үзэхгүй байж ч юуны магад.
Г.Уянга гишүүнийг ХҮН-д элсэх гэж байгаа тухай мэдээлэл саяхнаас гарах болсон. Хэрэв энэ нь үнэн бол Г.Уянгын хувьд “Шударга ёс” эвсэл одоо чухал биш. Харин өөрийнхөө нэр хүндийг өсгөх нь л гол асуудал болж хувираад байна.
Н.Гэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ