Жолооны курсийн “жолооч”-гүй төгсөлт

Өдөр бүр л авто зам дээрх дайны мэдээлэл чихнээ сонстож, нүдэнд үзэгдэж, сэтгэл донсолгож байна. Үүнд жолооч нар ихэвчлэн буруутдаг. Учир нь тэд энгийн иргэдийн дэргэд жолооны дамжаанд сурч, номын дууг нь сонсч, хууль дүрмийг нь цээжилсэн гэсэн үнэмлэхтэй улс.

Гэтэл ердөө хэдхэн дэвсгэртийн шидээр бүхэл бүтэн хүний амийг батлан даах эрхийн үнэмлэхтэй болчихдог үзэгдэл манай нийгэмд дэлгэрээд олон жилийн ард гарлаа. Тиймээс ч жил бүр осол, эндэгдлийн тоон үзүүлэлтийг бид хараад л, амаа бариад л сууж байна.

Тоо баримтыг сөхвөл, 2014 оныг өмнөх 10 жилийн түвшин буюу 2005 оны түвшинтэй харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 17.6 дахин, бүртгэгдэж шалгагдсан зам тээврийн осол 6.2 дахин, түүнээс үүдэлтэй нас баралт 41.6 хувиар, гэмтсэн хүний тоо 39.5 хувиар тус тус өсчээ. Үүний гол буруутнаар жолооч шалгардаг ба авто замын осол гэмтлийн 90 гаруй хувь нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүний буруутай үйлдэл хэмээн тодорхойлдог. Жолооч буруутай ч бусад олон хүчин зүйлс нөлөөтэй. Тэгвэл тэдгээрээс анхдагч буруутныг олж харах нь хамгийн чухал. Тодруулбал, зарим жолооны дамжаа, төгсөгчдийн шалгалт хоёр хамгийн том асуудал болсон. Комисс, захирал, сурагч хэмээх гурвалсан холбоо “үл үзэгдэх тэнцэлт”-ээр хүрээгээ тэлж байна. Өөрөөр хэлбэл, жолооны курс жолоо барих эрхгүй хүнийг жолооч болгон төгсгөдөгийг нуух юун.

Жишээ болгож “соц” нийгмийн үетэй харьцуулж нуршихгүй ээ. Саяхан дромын нэгэн шалгалтаар гүйцэтгэх ёстой үйлдлийг хагас дутуу хийлгэсэн болоод өнгөрөөхийг харлаа. Тэгэсхийсэн шалгалт тэрүүхэндээ амжилттай болж өндөрлөсөн нь мэдээж. Хүний амьтай холбоотой энэ хариуцлагатай үйлдэлд өнгөцхөн хандахын учрыг хардав.

Үүний цаана мөнгө үнэртэж байна. Утсан чинээ улаан амийг хэдэн зоосоор худалдах ухаан энэ нийгэмд элбэгшсэн болохоор ийм дүгнэлтэнд хүрлээ. Энэ бол наанаа нууцлаг үйлдэл мэт боловч цаанаа хүн бүрийн л мэддэг арга. Төмөр хөлөглөх гээд үнэхээр хүсээд байвал төрөөс гаргасан хууль, дүрмээ төвөггүй хэлээд сурчих. Төр нь ч, хүн нь ч хоёр биенээ хуурдаг өнгөний асуудлаа өнөөдрөөс эхлэн эцэс болгочих. Мөнгөний араас гүйсээр монголчууд бид өөрсдөө биесээ устгаж барах нь.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсан нь сайшаалтай ч, зарим нэг далдуур явуургүй үйлдлийг таслан зогсоох хууль, хяналт сулдаад байх шиг. “Би машин барьж чадна” гэж хагас дутуу мэдэмхийрэгчид хүний аминд хүрч, хүйтэн өрөөнд хоригдох эрсдлээ анаад л инээд алдан төрийнхөнд тал засч, танил талаа бараадан өмнө хойгуур нь гүйлдсээр. “Олон хавар нэгэндээ” гэж үг бий. Ийм л хүмүүсээс болж хүний амь үнэгүйдэж, цөөхөн монголчууд бид цөөрсөөр л байх уу?Авто ослыг гарсан байдлаар дүгнэхийн зэрэгцээ жолооч болгож гаргасан байдалд нь дүгнэлт өгөх ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Цаашлаад жолооны курсүүдэд наад захын техникийн хичээлүүд дутагдалтайгаас жолооч нар машиныхаа эвдрэл гэмтлийг оношилж мэдэхгүй, улмаар аваар хийх явдал их гардаг гээд анхан шатны хүчин зүйлээс дурдвал их байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ