Өршөөлөөр суллагдсан хоёр иргэн дахин гэмт хэрэг үйлдэж шийтгүүлжээ


Өнгөрсөн онд батлагдсан “Өршөөлийн тухай хууль”-д 5325 иргэн хамрагджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШШГЕГ-аас өршөөгдсөн иргэний 28 нь дахин гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлсэн. Тодруулбал, хулгайлах 21, дээрэм нэг, залилан нэг, танхайрах гурав, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах хоёр гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдаж, суллагдсан иргэний 1.4 хувийг эзэлж буй юм байна.
Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өршөөгдсөн ч дахин гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл өглөө. Хамгийн сүүлд л гэхэд өршөөгдсөн хоёр иргэн хулгайн хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлүүлжээ. Нэг нь Хөвсгөл аймагт болсон байна.
Мөн энэ үеэр 2016 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар шүүхийн шатандаа шийдэгдэж “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан суллагдсан иргэдийн мэдээллийг өгөв. Өршөөлийн тухай хуулийн 4.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас 2176 хүнийг, тус хуулийн 4.2-д заасны дагуу хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн 855 хүнийг тус тус өршөөн хэлтрүүлжээ. Тус хуулийн 5.1-д заасны дагуу эдлэх ёстой ялаас нь 1942 хүнийг өршөөн хассан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хянан хэлэлцэх шатанд 352 хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас нийтдээ 59 тэрбум 796 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 518 хүний амь нас хохирч, 3028 хүн хүнд,хөнгөн гэмтэл авсан дүн гарчээ. Эрүүгийн гэмт хэргийн хувьд 2015 онд залилан найман хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмбэлдмэлтэй холбоотой хэрэг 40.7 хувиар өссөн аж. Харин танхай, хулгай, бусдын биед гэмтэл учруулах мөн санаатайгаар үйлдсэнхүн амины хэрэг 3-11 орчим хувиар буурсан байна.
Ял шийтгүүлсэн хүмүүсийн тухайд гэмт хэрэг давтан үйлдэгчийн тоо 31.9 хувиар өссөн бол согтуугаар болон бүлэглэн, урьд ял амссан, насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдэгч хүүхдийн тоо тус тус буурчээ. Тайлангийн үеэр шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Мансууруулах бодистой холбоотой хэрэг болон гэмт хэрэг давтан үйлдэгчийн тал дээр анхаарах хэрэгтэй” байгааг онцоллоо. Мөн цагдан хорьж шүүхээр шийдэхээс илүү эвлэрүүлэн зуучлах замаар шийдүүлэх үйл явц хоёр дахин нэмэгдсэн эерэг мэдээ байна. Түүнчлэн 2015 онд банкны зээлийн маргаантай холбоотой хэрэг 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ