Эрүүлжүүлэх төв хоёрдугаар сарын 1-нээс ажиллана


Хуучин албадан баривчилж саатуулах төвийг шинээр зохион байгуулж, нийслэл хотын нэгдсэн эрүүлжүүлэх байгуулахаар болсон. Ингэснээр зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэгт эрүүлжүүлж, харин хэв журмын зөрчил гаргасан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх байранд авах юм байна. Нэгдсэн эрүүлжүүлэх байр хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Албадан баривчилж саатуулах төвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж, баривчлах үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн. Тиймээс энэ төвийн ашиглалтгүй байгаа баривчлах хэсгийг засварлан Улаанбаатар хотын нэгдсэн эрүүлжүүлэх байр болгохоор төлөвлөсөн. Бэлтгэл ажил 80 хувьтай байгаа аж.
Архидан согтуурч, хэв журам алдагдуулсан, өвлийн хүйтэнд харж харгалзах хүнгүй, амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй иргэдийг эрүүлжүүлэх байранд авч ирдэг. Гэтэл гарахдаа цагдаа нар хүний эрхэнд халдсан, халаасанд байсан мөнгө төгрөг алга болсон гээд явган яриа тасардаггүй.
Тиймээс нэгдсэн эрүүлжүүлэх байрыг дуу, дүрсний өндөр нягтаршилтай, камерийн системээр тоноглохоос эхлээд олон шинэчлэл хийжээ.
Эрүүлжүүлэгдэж байгаа нэг хүнд ногдох талбайн хэмжээ 2 метр квадрат байх ёстой. Гэвч Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 180-220 хүн эрүүлжүүлэгддэг. Харин оргил ачааллын буюу баяр ёслолын үеэр энэ тоо 350 хүртэл өсдөг байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ