Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслөөр 2030 он хүртэл Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх, улмаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 17000 ам.долларт хүргэх зорилтыг тусгасан. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг танилцуулсан. Мөн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан бөгөөд одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тус хөгжлийн үзэл баримтлалд 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байх юм.
Төсөл санаачлагчийн танилцуулснаар хөгжлийн бодлогыг бүрэн хэрэгжүүлэхэд 30-40 их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Цаашдаа засаглалыг тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой гэдгийг онцоллоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ