ШУТИС-ын оюутанг 26 хутгалж хөнөөсөн этгээдийг батлан даалтад гаргажээ

ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан байна. Гэтэл хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс батлан даалтад гаргах захирамжийг гаргажээ.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад Архангай аймгийн харьяат 1983 онд төрсөн 33 настай иргэн Б үйлдсэн нь тогтоогдож прокурорын шатанд яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн байдаг.

Дээрх хэргийг Монгол улсын эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай алсан гэх онц хүнд гэмт хэрэг хэмээн үзэн таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Гэвч яллагдагч Б-ийн өмгөөлөгч, яллагдагч Б-гийн биеийн байдал муудсан тул батлан даалтад гаргах хүсэлт тавьж шүүгч болон прокурорын зүгээс дээрх хүсэлтийг хүлээн аваагүй юм.

Гэвч өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан талаар хохирогч П-гийн ээж Буяннэмэх хэвлэлд хандав.

Талийгаач П нь ШУТИС-ын гуравдугаар курсын оюутан байсан ба ээжтэйгээ хоёул амьдардаг байжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ