УИХ-ын даргын илгээлт


2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр
Та бүхэнд Санхүүгийн зохицуулах хороо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн баяр хүргэе.Монгол Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хороо, түүний дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсноор Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан билээ.Тэр үед Үнэт цаасны хороо, Монголбанкны Банк бус санхүүгийн газар, Улсын Мэргэжлийн хяналтын газрын Даатгалын хяналтын хэлтэс зэрэг санхүүгийн зах зээлийн тодорхой салбаруудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажилтнуудаас Санхүүгийн зохицуулах хорооны боловсон хүчний цөмийг бүрдүүлж байсан юм.Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус Хорооны гүйцэтгэх үүрэг эрс нэмэгдэж, түүний зохицуулалтын байгууллага, хуулийн этгээдийн тоо 1200-д хүрч, санхүүгийн зах зээлд ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний тоо 5,000 гаруй болон нэмэгдсэн бөгөөд Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангагч голлох байгууллага болон төлөвшиж байна.Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын жинхэнэ гишүүнээр элсэж, үнэт цаасны зах зээл, даатгал, бичил санхүүгийн салбарын эрх зүйн орчныг дэлхийн жишигт нийцүүлэн бүрдүүлэх, зах зээлийн харилцааны төрийн зохицуулалтыг гүйцэтгэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэнийг сайшаан тэмдэглэж байна.Улсын Их Xурлаас улс орны эдийн засгийн харилцаанд чухал үүрэгтэй Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Жолоочийн хариуцлагын албан журмын тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль болон бусад олон чухал хууль, эрх зүйн актуудыг баталсан. Эдгээр болон бусад хууль эрх зүйн хүрээнд Санхүүгийн зохицуулах байгууллага амжилттай ажиллан, улс орны санхүүгийн зах зээлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг тэлэх, даатгуулагч болон бусад оролцогчдод учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, улмаар нийт хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжууд бий болж байна. Санхүүгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн түвшинд нээгдээд байгаа өргөн боломжууд нь чухамдаа өнгөрсөн хугацаанд ажил хөдөлмөртөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, өдгөө ажиллаж буй хамт олон, санхүүгийн зах зээлийн оролцогчид Та бүхний хүчин чармайлтын үр дүн билээ. Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн эрдэм боловсрол, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Та бүхэндээ эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Зандаахүүгийн ЭНХБОЛД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ