16 мянга орчим албан тушаалтан хөрөнгөө мэдүүлжээ


Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхэлсэн байгаа. АТГ-аас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ын бүрдүүлэлтийг нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл авч, төрийн алба хаагчдын ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч хянадаг билээ.
Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх урьдчилсан тооцоо гарсан байгаа аж. Түүнээс гадна энэ жил хөрөнгө орлогоо нуусан хөрөнгөө ил болгосон бол эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх хуулийн боломжийг нээсэн онцлогтой байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 мянга орчим албан тушаалтан мэдүүлгээ өгөөд байна.
Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Гааль татварын ерөнхий газар, Уул уурхайн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Ховд аймгийн ИТХ, Архангай, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын 50-иас дээш хувь нь өнгөрсөн оны мэдүүлгээ шинэчлэн мэдүүлсэн байна. Харин төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ, Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гээд нийт 276 албан тушаалтан шууд АТГ-т мэдүүлгээ гаргаж өгдөг аж. Гэтэл өнөөдрийн байдлаар харьцангуй бага үзүүлэлтэй байгаа бөгөөд УИХ-ын зургаан гишүүн л хөрөнгөө мэдүүлжээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ