Үндсэн хуулийн цэцийг ” Улс төрийн нам” болгосон уу?

Тэнгэрийн дор орших бүхнийг засаглахуйд хууль шударга байх ёстой хэмээн өвгөд гэрээсэлсэн аж. Тиймээс Чингис хааны үед өвгөд, өтгөсөөс бүрдсэн Сэцдийн зөвлөл гэгч байж. Тэндээс гаргасан сургамж, сануулга, зөвлөмж бүхэн хууль болон мөрдөгдөж, хэлбэрэлтгүй мөрдөгддөг байж.
Харин орчин үед энэ нь агуулга, хэлбэр, бүтэц нь өөрчлөгдсөн ч хуулийг шударгуу хэрэгжүүлэх чиг үүрэг нь нэгэн шугамд давхцах үүрэг бүхий Үндсэн хуулийн манаач ч гэж хэлж болох Үндсэн хуулийн цэц гэх байгууллага бий болсон.
Гэвч сүүлийн хэдэн жил энэхүү “манаач”-ын үүргээ Үндсэн хуулийн цэц хэмээх байгуллага умартаж, улс төрийн намуудын захиалагын байгууллага болж хувирлаа. Үндсэн хуулийн манаач байх эрх, үүргээ умартан Ж.Амарсанаа гэдэг хүний толгойлсон “Улстөр”-ийн нам болтолоо төлөвшив.
Сүүлийн хэдхэн сарын дотор Үндсэн хуулийн цэц нь Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчив. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнгүүт эрх мэдэл, албан тушаалаасаа зууралдаж, бусдыг буруутан болгох аянд мордов.
Ямар ч их албан тушаалд хайртай,ямар ч их улстөржсөн амбиц вэ. Уг нь өдий насны хүн ,албан тушаалтай зууралдалгүй,ач гучийнхаа өмнө хүндэтгэлийн хойморт заларч байх учиртайсан.
Нас намба тогтсон шударга өвгөдийн үг хууль байсан цаг үед цэц, сэцдийн хуралдаан нь мандах төрийн тулах түшиг байв. Харин өдгөө будангуй түшмэдийн орогнох газар болжхувирав. Элдэв хэрэгт ороогдогсод энэхүү байгууллагын нөмөр дор шургална.
Үндсэн хуулийн цэц нь Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна. Цэцийн дээр хөх тэнгэр бий хэмээн итгэгсэд өөрсдийгөө тэнгэрийн элч мэт санах болов. Хуулийг бид зөрчинө, бусад нь хуулийг мөрдөх ёстой хэмээн уухилах нь нийгэмд ихэд гутамшигтай сонсогдож байна
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхээс ирүүлжээ. Энэхүү хүсэлтийн үндэслэлд “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.Энэ хуулийг ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн байх юм.
Хууль зөрчсөн хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой ардчилсан нийгэмд бид амьдарч байна. Яг үнэндээ бол ил биш ч далдуур ухаан тэгширсэн, хуульд мэргэн, мөр тэгш, урдах амьдралаа биш улс орныхоо ирээдүйг бодох нас намба жигдэрсэн,тулхтай хэмээн өвгөдөө хүндэлж, цэц хэмээх их айлын хойморт монголчууд залж байгаа. Гэтэл цэц хэмээх их айлын хойморт залрагч өвгөд үр хүүхэд, ирээдүй хойчдоо нэг л үлгэр муутай, үл бүтэх, элдэв хэл ам, дайралгад өртсөн, мөнгө, төгрөгний өгөө аваа, улс төрчидын өмнө хойно ашиг хүртэхийг санаархсан намбагүй “өвгөд”-өөр дүүрэв
Ийм төрийн түшээдгүй улс оронд Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллага будангуй улс төрчидийн хоргодох оромж, өмгөөлж сөхөх үүд, хоосон санаагаа гүйцээх өргөө болдог юмсанж .Үнэн хоёр байдаггүй ганц л байдаг.
Нэгэнтээ Грекийн гүн ухаантан Аристотель “Платон, миний сайн найз, багш. Гэхдээ үнэн түүнээс эрхэм” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа танаа сануулах гэсэн юм. Учир нь танд бүх юм сайн байж болох ч хамгийн гол нь Үндсэн хуулийн үзэл санаа үнэн, бүхий л үзэл баримталалаас тань илүүтэй эрхэм зүйл бол үнэн байх ёстой. Таны өмгөөлсөн бүхэн танд эрхэм дээд байж болно. Гэхдээ үнэн гэдэг түүнээс ч эрхэм гэдгийг Цэц хэмээх байгууллагыг толгойлж буй та мэдэхгүй байхын учир үгүй.
Энэ байгууллагад ёсон бусыг үүрлүүлж, худал хуурмагийг далдалж, улс төрийн нам, эрх ашгийн талбар болгосон гэмтэй бол та зайгаа тавьж өгөх ёстой. Учир нь Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагыгдаргалж буй та хэн нэгэнд хэрэгтэй байж болно. Харин Монгол төр хир халдахгүй ариун, Үндсэн хууль нь шударгуу хэрэгжих ёстой гэдэг энэхүү үнэн, үнэт зарчим тэр бүхнээс чинь эрхэм байх ёстой билээ.
Ж.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ