Ч.Сайханбилэгийн засгийн газар тэсэж үлдлээ

-Эмхлэн байгуулагдаад таван сар болж буй Шийдлийн Засгийн газарт дахиад таван сар ажиллах боломжийг нэгдүгээр сарын 29-ний 01 цагт УИХ-ын гишүүд олголоо-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ойрд үзэгдээгүй бүрэн ирцтэй, халуухан уур амьсгал дунд бүтэн зургаан цагийн турш үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын Байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжээгүй санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулсан. Тус намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн гэдгийг танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдааныг эхэн үедээ УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдаж байсан бол үдшийн 21 цаг өнгөрөөгөөд УИХ-ын дарга З.Энхболд хүрэлцэн ирж, чуулганыг удирдсан. Ийн хоёр дарга ээлжлэн нэг удаагийн чуулганыг удирпсан тохиолдол ч олонгүй. УИХ-ын гишүүд бүтэн ам бүлээрээ бие биенээ харсан нь хэлэлцэх асуудал дэндүү чухал байсныг илтгэнэ.

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын 57 гишүүн асуулт асуухаар кноп дарсан бөгөөд тэдний зарим нт асуулт гэхээсээ илүү санал дүгнэлт, захиа даалгавар хэлэх нь байлаа.

Түүнчлэн удтал сунжирсан УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм. Тэрбээр "Цаашдаа ийм асуудлыг хэрхэн шийдэж байх талаар санаагаа хэлье. Өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийнхийг хайдаг ажлаа зогсооё. 19 гишүүн түүнээс олон гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гаргаж болно. Гэхдээ дараагийн Ерөнхий сайдаа оруулж ирдэг байх хэрэгтэй. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа нийцүүлж ярья. Засгийн газрын, дэгийн хуулинд өөрчлөлтөө оруулья. Муу жишгийг сайнаар өөрчилье. Засгийн газартаа, Ерөнхий сайддаа хариуцлага тооцохдоо сайн жишгийг тогтооё..." гэсэн санааг дэвшүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдпыг огцруулах асуудлыг зургаан цаг гаруй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжие гэдгээр санал хураалт явуулахад гишүүд 57.5 хувийн саналаар зөвшөөрч Засгийн Газрын Тэргүүнийг хэвээр үлдээлээ. Ямартай ч ирэх сонгууль хүртэл Засаг тогтож үлдлээ. Эмхлэн байгуулагдаад таван сар болж буй Шийдлийн Засгийн газарт дахиад таван сар ажиллах боломжийг нэгдүгээр сарын 29-ний 01 цагт УИХ-ын гишүүд олголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ