ж.Амарсанаа: Би “Лексус-570" унамаар байна

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэж Цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндсөн юм. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхи нь уг асуудлыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.

Ж.Амарсанаа нь иргэдийн орон сууцтай болох боломжийг хаасан. Гэвч тэрбээр өөрөө “LX-570” унана гэх увайгүй үгийг хэллээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Би дээрээсээ дөрөв дэх хүн. Яагаад дээрээсээ дөрөвдүгээр хүн эксел унаад, дүүргийн дарга жийптэй хажуугаар өнгөрдөг юм.

Би “Лексус-570" унамаар байна. Унаж л байх хэрэгтэй шүү дээ” гэж мэдээллээ. Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэв.

Угтаа бол Монгол Улсад албан тушаалтнуудыг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр хүн гэж хуульчилсан нэг ч хууль, дүрэм байхгүй. Ардчилсан улсад албан тушаалтнуудаа дугаарлаж, эрэмбэлдэггүй гэдгийг Үндсэн хуулиа манаж байгаа эрхэм мэдэх байлтай. Монголчууд Үндсэн хуулиа дээдэлдэг болохоос Цэцийн гишүүд тусдаа эрэмбэтэй байх ёстой, тэднийг тахин шүтэх учиртай гэсэн дүрэм хаана ч байхгүй. Тэд ердөө л төрийн албан хаагч. Төрийн жирийн нэгэн албан хаагч “Би “Лексус-570” унамаар байна, иргэдийн унаж байгаа суудлын тэрэг надад зохихгүй гэдэг утгаар ярьж байгаа нь цаанаа “авлига” нэхэж байгаа мэт ойлгогдох юм.

Үндсэн хуулийн Цэц ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсоож хэдэн мянган айлын байртай болох боломжийг хаасан. Цэцийн шийдвэрээс болж хэдэн мянган айл шинэ жилийн баяраа шинэ байрандаа тэмдэглэж чадаагүй. Цэцийн ипотекийн зээлийг хаасан шийдвэрийг УИХ энэ сарын 19-нд хууль гаргаж байж сэргээсэн билээ. Иргэдэд бага хүүтэй зээлээр байр авах чухал болохоос Цэцийн дарга Ж.Амарсанаа жийп унаж тансаглах огтхон ч хүртээлгүй хэрэг. Гэтэл Цэцийн дарга өөрийгөө иргэдээс онцгойд үзэж, Засгийн газраас жийп нэхэж, өөрийгөө тахин шүтэх ёстой гэж тулгах ямар учиртай бол.

Г.Зул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ