ЭМЯ-нд зайн оношлогооны иж бүрэн төхөөрөмж өглөө

Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилтээр, Швейцарийн мэс засалчдын баг, Швейцарийн Базелийн Их Сургууль, ЭМЯ болон ЭМШУИС хамтран 2008-2013 онд хэрэгжүүлсэн МонТелНэт төслийн хүрээнд нийлүүлэгдсэн зайн оношлогоо, сургалтын иж бүрдэл тоног төхөөрөмжүүдийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамнаас Дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч бөгөөд Ерөнхий консул Феликс Феллманн, Швейцарийн мэс засалчдын багийн ахлагч Др.Бит Керэр болон төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцов.


Арга хэмжээний үеэр Дэд сайд Ж.Амарсанаа МонТелНэт төсөл хэрэгжсэнээр эх барих эмэгтэйчүүд, мэс засал, эмгэг судлал, дүрс оношлогоо, нярай, хавдар зэрэг нарийн мэргэжлийн зайн оношлогоо, зөвлөгөө, сургалтыг явуулах цогц боломжийг бүрдүүлсэн Кампус Медикус програм хангамжийг ашиглан хийгдэж орон нутагт эх нярайн эндэгдлийн бууралт, мэс заслын эмгэг судлалын оношлогооны чадамжийг нэмэгдүүлэх, хавдрын эрт илрүүлэг, нярайн төрөлхийн түнхний мултралыг эрт илрүүлж эмчлэх гэх мэт томоохон дэвшлийг манай улсын эрүүл мэндийн салбарт бий болгосонд талархалтай байгаагаа илэрхийлээд, тус төслийн амжилтыг улам бататгаж, бий болгосон телемедициний сүлжээгээ өргөтгөх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхийг эрмэлзэж, Швейцарийн Хөгжлийн Агентлагтай цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байгаагаа хэлэв.

Б.Цэлмэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ