Ц.Нямдоржийн хэлэх дургүй үг: ”Уучлаарай...”

Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “уучлаарай” гэдэг үгийг амнаасаа гаргах тун дургүй юм. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төрд халдсан хэмээн хоёр шатны шүүхээс хоёр удаа тогтоочихоод байхад уучлал гуйхгүй гэж гүрийсээр. Өнгөрсөн жилээс үүдэлтэй энэхүү хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа, давж заалдах шатны шүүхээр хоёр удаа, хяналтын шатны шүүхээр нэг удаа хэлэлцэгдэв.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулга гишүүний нэр төрд халдсан хэмээн уучлал гуйх шийдвэр гаргасан. Энэ үед Ц.Нямдорж гишүүн “Харьяаллараа бол энэ хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэх хэрэг биш. Би тэр үгийг Засгийн газрын ордонд хэлсэн. Тэгэхээр Х.Баттулга гишүүний хувьд Хан-Уул дүүргийн шүүх найдвартай байсан юм байлгүй” хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаж байлаа.

Гэвч давж заалдах шатны шүүхээс ч мөн түүнийг уучлал гуйх шийдвэрийг хэвээр баталсан билээ. Харинүүнд Ц.Нямдорж гишүүн “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Гэхдээ төрийн дампуурал, шүүхийн дампуурал, захиалгат шүүх харагдаж байна. 1997 оны үед М.Энхсайхан Ерөнхий сайд байхад би гүтгүүлсэн гээд 100 мянган төгрөгийн заргаа авч байсан түүхтэй. Ерөнхийдөө Монголын төр, шүүхийн систем дампуураад дууслаа” гэж байв.

Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан юм. Харин Улсын дээд шүүхээс хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж байв. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард гишүүдийн маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцэж, Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулгаас уучлал гуйх ёстой гэх шийдвэрийг дахин гаргаж байлаа. Гэтэл амнаасаа “Уучлаарай” гэх үг гаргах дургүй эрхэм гишүүн дахин Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд хандав. Харин уг гомдлыг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэвээр баталлаа.

Ингэснээр Ц.Нямдорж гишүүн Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх ёстой болов. Гэтэл эрхэм гишүүн дахин гүрийн Улсын дээд шүүхэд хандахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Ц.Нямдоржийнхоор бол гурван шатны шүүх Ц.Нямдорж, Х.Баттулгын нэр төрд халдаагүй гэх шийдвэрийг гаргах ёстой болоод байна.

Хэргийг сануулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж АН хамтарсан Засгийн газраас гараад удаагүй байхад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн хэмээн мэдэгдсэнээрээ шүүхэд дуудагдаж байв.

Тодруулбал “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтай уул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичигчинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж, Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” хэмээн олон нийтэд мэдээлж байсан юм.

Тиймээс Х.Баттулга сайд түүнийг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд өгснөөр ийнхүү шат шатны шүүхээр дахин дахин хэлэлцэгдсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ