Ил захидлын далд тэмцэл

Захидал гэдэг хүн төрөлхтөний түүхийн нэгэн үед харилцааны хамгийн том хэрэглүүр болж байсан үе бий. Харин өнөөдөр мартагдах шахсан гэж хэлж болох. Гэвч сүүлийн үед улстөрийн хүрээнд өрнөж буй үйл явдлууд “захидал” гэдэг хичнээн хүчтэй, харилцааны ямар чухал хэрэглүүр болохыг дахин сануулж эхэллээ.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын ил захидал олон хүнийг сандралд оруулж, зарим нэгийг нь албан тушаал ч үгүй болгож эхлэв. Тэрхүү захидлын мөрөөр улс төрчид хэл орж, өөрөө өөрийгөө өмгөөлөхөд ч хүргэж байна. Шадар сайд Ц.Оюунбаатар “Би ЭМС-ын сайдаас огцрох бичиг дээр Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулаагүй” хэмээн мэдэгдэв.

Тэр үнэнээ л хэлж байгаа нь тэр. Тэрээр Г.Шийлэгдамбыг баривчлагдах үеэр очиж уулзахадаа албан тушаал өгөх, сайн дураараа огцрох бичиг дээр гарын үсэг зурахыг шахаж шаардсан гэдэг. Харин дараа нь МАХН-ын идэвхитэн гишүүд болох Эрдэнжамьян, Тулга нар гарын үсэг зуруулахаар бэлдсэн бичгийг авч очин өмгөөлөгчөөр нь дамжуулан гарын үсэг зуруулсан нь үнэн. Өөрөөр хэлбэл Шадар сайд Ц.Оюунбаатар бусдын гараар могой бариулсан гэдгээ мэдэж л байгаа. Бидний тэргүүн дээр өөрөө, өөрийгөө л боддог, бусдыг нүх рүү түлхдэг ийм л хүн Шадар сайд хийгээд сууж байна даа. Энэ үүднээс нь тунгаавал тэрээр Г.Шийлэгдамбын хажууд хамгийн өөдгүй, увайгүй нэгнээр тодорч байна.

Г.Шийлэгдамбын хувьд намын санхүүжилт болон үнэнийг илчилсэн нь олон залууст сургамж болж байгаагаас гадна түүний эр зоригийг үнэлэх хэрэгтэй. Улстөрийн хүрээнд өрнөж байгаа увайгүй бүхнийг илчилснийх нь төлөө залуус одоо л нэгдэж, түүнийг дэмжих хэрэгтэй байна.

Улс орныхоо ирээдүйг цэвэр тунгалаг, улстөрийн увайгүйтэлийг таслан зогсоох сэдлийг, үрийг тэр тарилаа. Түүний тарьсан үрийг улам бүр хямгадан тордож, нийт улс орныг хамарсан “Ил захидал”-ын аян өрнүүлье. Ингэж нэгдэж, тэмцэж чадвал залуучууд улс төрийг цэвэршүүлэн тунгалагшуулж чадна. Г.Шийлэгдамба үнэнийг хэлж чадсан. Харин одоо үнэнийг эрхэмлэгч залуус нэгдэж чадах хэрэгтэй байна. Залуучуудыг хамарсан “Ил захидал”-ын аян өрнүүлж, болж, бүтэхгүй байгаа бүхнийг илчилж болохгүй гэж үү.

Ямар ч байсан Г.Шийлэгдамба гэдэг хүн анхны лааг асаалаа. Үнэнийг илчилсэн тэр лааг бүгдээрээ тойроод зогсох биш хүн бүхэн лаа асааж, нийгмийн түнэр харанхуйг гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулья. Ил захидлын цаадах далд тэмцлийг ил болгохын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд үүн дээр нэгдэж чадвал улс төр дэх далд бүхнийг гэрэлтүүлэн илчилж чадахыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ил захидалаар далд бүхнийг илчлэх аянд дөрөө харшуулан нэгдэцгээе, залуус аа.

Ж.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ